Хаант засаглалыг доромжилсон хэрэгт буруутгагдсан Тайландын идэвхтэн олон сарын турш шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байжээ. Гэвч тэрээр удаан хугацааны турш шим тэжээлийн дутагдалд орсноос болж нас барсан байна. Түүний нас барсан тухай мэдээг сонссон олон мянган иргэн Мягмар гаригийн орой гашуудлын цуглаан хийжээ.
Нетипорн “Банг” Санесангхом Мягмар гаригийн өглөө зүрх нь зогссон байдалтай олдсон гэж цагдаа нар мэдэгдэв. Тэрээр хаант засаглалын шинэчлэлийг уриалдаг бүлгэмийн гишүүн байсан ба нэгдүгээр сарын 26-наас эхлэн хорьсон. Түүнийг долоон өөр хэрэгт буруутгасан ба хааны гэр бүлийн хоёр хүнийг доромжилсон гэх хэргээр баривчилжээ. Санесангхом хоригдсон цагаасаа эхлэн өлсгөлөн зарласан бол хоёрдугаар сард мөн адил дахин өлсгөлөн зарласан байжээ.
Санесангхом Тайландын шударга ёсны тогтолцоонд шинэчлэл хийх болон хааны гэр бүлийг шүүмжлэхээс хориглосон “lese majeste” хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байсан. Тэрээр эхэндээ шүүх хурлыг үл хүндэтгэсэн хэргээр хоригдож байсан ба “lese majeste” хуулийн дагуу хугацааг нь сунгасан. Санесангхом гэм буруутай нь тогтоогдвол хэргүүд тус бүрдээ 15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэхээр болж байжээ.
Тайландад дэлхийн хамгийн хатуу хууль тогтоомжууд байдаг. Тайландын Хүний эрхийн төлөөх хуульчдын бүлгийн мэдээлснээр 2020 оноос хойш “lese majeste” хуулийн дагуу 260 орчим хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны эхээр нэгэн эрэгтэй тус хуулийн дагуу 50 жил шоронд хоригдох шийтгэл авсан юм.
Эх сурвалж: BBC