Өнгөрсөн өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад хүний үйл ажиллагаатай холбоотой ослын хоёр дуудлага бүртгэгджээ.
Орон нутагт буюу Архангайн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал” гэдэг газар энэ сарын 9-ний 20:00 цагийн орчимд малчин нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10-нд хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 12-ны 07:30 цагаас дахин эхлүүлжээ.
Тухай өдрийн 15:30 цагт Идэр голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олсон байна.
Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туул голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллага өчигдөр хүлээн авч, нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэйн цогцос Туул голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байсныг аврах завь ашиглан гаргаж, мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.