Баасан гарагаас эхлэн дэлхийн бөмбөрцөг сүүлийн 20 гаруй жил тохиолдоогүй хүчтэй нарны соронзон шуурганд өртөөд байна.
Нарны гадарга дээр үүссэн хүчтэй дэлбэрэлтийн улмаас үүссэн плазмын урсгал дэлхийн бөмбөрцөгт хүрэх үзэгдлийг соронзон шуурга гэдэг.
Хамгийн сүүлд ийм хэмжээний соронзон шуурга 2003 оны аравдугаар сард тохиосныг “Халлоуины шуурга” хэмээн нэрлэж байжээ.
Тухайн үед Швед улс даяар цахилгаан хангамж тасалдаж, Өмнөд Африкийн эрчим хүчний дэд бүтэц гэмтэж байв.
Энэ удаагийн шуурганы нөлөөгөөр дэлхийн бөмбөрцгийн умард болон өмнөд хэсгийн оршин суугчдад туйлын туяа буюу аврора ажиглагджээ.
Тухайлбал Британийн арал болон Австрали тивийн өмнө оршдог Тасманын арлын оршин суугчдад энэ үзэгдэл тод ажиглагдаж байгаа юм байна.
Соронзон шуурганы улмаас ойрын өдрүүдэд ажиллагаанд нь гэмтэл, доголдол гарч болзошгүйг хиймэл дагуулын операторууд, агаарын тээврийн компаниуд, эрчим хүчний салбарынханд мэргэжилтнүүд анхааруулжээ.
Нарны гэрэлтэй харьцуулахад плазмын урсгал илүү удаан хурдтайгаар дэлхийд хүрдэг байна. Одоогийн шуурганы дундаж хурдыг мэргэжилтнүүд 800 км/секунд гэж тооцоолжээ.
Нарны гадарга дээр үүссэн дэлхийгээс 17 дахин том дэлбэрэлтийн хүрээнээс уг шуурга дэгдэж байгаа юм байна.
Дэлхийн тойрог замд ажиллаж буй сансрын нисгэгчдэд Олон Улсын Сансрын Станцын илүү зузаан бүрхүүлтэй хэсэгт шилжиж байрлахыг NASA зөвлөжээ.
Тагтаа зэрэг зарим төрлийн амьтдын дотоод биологийн луужин энэ үеэр самуурах магадлалтай гэж судлаачид үздэг.
Зарим тагтаа тэжээгчид шувууд гэртээ буцаж ирэх нь эрс цөөрсөн талаар мэдээлжээ.
Иргэдэд цахилгаан эрчим хүч тасалдсан тохиолдолд нөөц эх үүсвэртэй байхыг эрх баригчид зөвлөж байна.
Түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн хүчтэй соронзон шуурга 1859 оны есдүгээр сард тохиосныг Британийн астрономич Ричард Каррингтоны нэрээр “Carrington Event” гэж нэрлэдэг.
Тухайн үед телеграф холбооны шугамын гүйдлийн хэмжээ эрс нэмэгдсэнээс зарим техник хэрэгсэл эвдэрч, техникийн ажилчид цахилгаан гүйдэлд цохиулж байжээ.
Эх сурвалж: AFP