Генийн өөрчлөлттэй гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн анхны хүн хоёр сар орчмын дараа нас баржээ. Үхлийн шалтгаан шилжүүлэн суулгасан бөөрнөөс болоогүй гэж хагалгаа хийсэн эмнэлэг тайлбарласан байна.
Ричард “Рик” Слейман өнгөрсөн гуравдугаар сард 62 настайдаа Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн суулгах “ксенотрансплантаци” мэс засал хийлгэсэн. Гахайн бөөр дор хаяж хоёр жил хэвийн ажиллагаатай байна гэж мэс засалчид үзэж байсан. Гэвч Бямба гаригт түүний ар гэрийнхэн болон мэс засал хийлгэсэн эмнэлэг Слейман нас барсныг баталжээ.
Тэрээр уг процедурыг хийлгэсэн анхны амьд хүн байв. Өмнө нь гахайн бөөрийг тархи нь үхсэн хүлээн авагчдад туршилтаар түр шилжүүлэн суулгаж байсан. Мөн хоёр эрэгтэй өвчтөн гахайнаас зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн боловч хоёулаа хэдэн сарын дараа нас баржээ.
Слейман 2018 онд тус эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн боловч бүтэлгүйтсэн шинж тэмдэг илэрсэн тул 2023 онд диализийн аппаратанд буцаж орох шаардлагатай болсон. Тогтмол мэс засал хийх шаардлагатай диализын хүндрэл гарахад түүний эмч нар гахайн бөөрийг санал болгосон байна.
Ксенотрансплантаци гэдэг нь амьтдын эд эс хүний эд эрхтнийг эдгээх явдал юм. Хүний дархлааны систем гадны амьтны эд эсийг шууд устгасан тул ийм мэс засал удаан хугацаанд бүтэлгүйтсэн. Сүүлийн үеийн оролдлогуудад гахайн эд эрхтнийг нь хүнийхтэй илүү адилхан болгож, шилжүүлэн суулгаж байна.
Эх сурвалж: Guardian