Агаар мандлаас нүүрстөрөгч шүүх зориулалттай дэлхийн хамгийн том станц өчигдөр Исланд улсад ажиллаж эхэлжээ.
Швейцарын Climeworks компани 2021 онд “Orca” нэртэй анхны станцаа ажиллуулж эхэлсэн бол өчигдөр нээгдсэн хоёр дахь станц “Mammoth” нь өмнөхөөсөө 10 дахин том юм байна.
Станцын ашигладаг технологийг DAC (Direct Air Capture) гэж нэрлэдэг бөгөөд нэг талаараа агаарыг сорж, химийн бодисын тусламжтай нүүрстөрөгчийг шүүсний дараа нөгөө талаараа цэвэршсэн агаарыг гаргадаг.
Шүүсэн нүүрстөрөгчөө газрын гүнд хадгалаад хатуу төлөвтэй бүтээгдэхүүн болгон боловсруулж гаргадаг юм байна.
Станцыг газрын гүний гео дулааны эрчим хүчээр ажиллуулжээ.
Дэлхийн уур амьсгалыг дулааруулж буй нэг гол хүчин зүйл нь хүлэмжийн хий буюу нүүрстөрөгч юм.
Сүүлийн жилүүдэд DAC мэтийн агаарыг шүүх технологи улс орнуудын эрх баригчид, судлаачдын анхаарлыг татах болсон.
Гэхдээ бас үр дүнд нь эргэлзэх эргэлзээ арилахгүй байна.
Тухайлбал DAC мэтийн агаар шүүгч станцыг өндөр өртөгтэй, эрчим хүч их хэрэглэдэг, агаар мандалд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй гэх мэтээр шүүмжилдэг.
Зарим нь бас ийм технологи малтмал түлшнээс татгалзах үйл явцыг удаашруулж болзошгүй гэж үзэж байна.
Climeworks компани “Mammoth” станцыг 2022 оны зургаадугаар сараас зохион бүтээж эхэлжээ. Модуль бүтэцтэй уг станц 72 хэсгээс бүрдэх бөгөөд нүүлгэн шилжүүлэхэд амархан, дээр дээрээс нь давхарлан байрлуулах боломжтой гэнэ.
Исландад одоогоор 12 модуль ажиллаж эхэлсэн бөгөөд ойрын саруудад тоог нь нэмэх ажээ.
“Mammoth” станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 36,000 тонн нүүрстөрөгч цэвэрлэх юм байна. Энэ нь жил бүр бензин хөдөлгүүртэй 7,800 автомашиныг замын хөдөлгөөнөөс хасахтай тэнцүү гэж Climeworks тайлбарлажээ.
Үйл ажиллагааны зардлын талаар тус компани тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч нэг тонн нүүрстөрөгч шүүх зардал $100-$1,000-ын хооронд гэсэн ерөнхий баримжаа хэлжээ.
DAC технологийн эдийн засгийн үр ашиг үүгээр хэмжигддэг юм.
Цаашдаа станцын хэмжээг томруулж, өртгийг бууруулбал 2030 онд тонн нүүрстөрөгчийг шүүх зардал $300-$350 хүрч, 2050 онд $100 орчимд хүрэх боломжтойг Climeworks компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Ян Вурцбачер мэдээлжээ.
Өнөөдөр дэлхий даяар ажиллаж буй DAC технологийн станцуудын хүчин чадал нийлээд жилд 0.01 сая тонн байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлсэн байдаг.
Тус байгууллагын тооцоолсноор дэлхийн дулаарлыг сааруулахын тулд энэ хэмжээ 2030 он гэхэд 70 сая тоннд хүрэх ёстой юм байна. Эдгээр тоог харьцуулбал агаараас нүүрстөрөгч шүүх станцын ирээдүй бүрхэг харагдаж байж магадгүй.
Харин Climeworks компанийн удирдлага энэ тал дээр нэлээд өөдрөг бодолтой байгаа ажээ. Тухайлбал “Mammoth” станцын хүчин чадлыг 2030 он гэхэд жилийн нэг сая тонн, 2050 онд нэг тэрбум тонн хүргэх боломжтой гэж тэд үзэж байна.
Эх сурвалж: CNN