Ажиллахгүй байгаа ҮЦК-уудын талаар холбогдох арга хэмжээг авна

2018 оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани 2018 оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна. Үнэт цаасны мэргэжлийн оролцогчдын тоо /тусгай зөвшөөрлийн чиглэлээр/ Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнаж болон бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.

Хорооны 2016 оны 94 дүгээр тогтоолоор андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1.0 тэрбум төгрөгөөр тогтоосон. Мөн тус тогтоолоор үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа эрхлэх хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 200 сая, брокерийнхыг 100 сая төгрөгөөр тус тус тогтоосон. Тайлангаа ирүүлсэн дээрх 37 үнэт цаасны компанийн 18 нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаагүй байна.

Тайлангаа ирүүлээгүй компаниуд үндсэндээ Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь удаа дараагийн зайны болон газар дээрх хяналт шалгалтуудаар тодорхой болж байна. Иймд Хороо үйл ажиллагаа идэвхтэй явуулахгүй байгаа, мөн хөрөнгө, санхүүгийн болон үйл ажиллагааны зохистой харьцааг хангахгүй байгаа компаниудын талаар хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.