Трамп багш нарт зэвсэг “атгуулна”

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дунд сургуулийн багш нарыг зэвсэг авч явахыг зөвшөөрөх, түүнчлэн сургуулийн орчимд зэвсэг авч явахыг хориглосон дүрмийг цуцлах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ-

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн сургуулиудын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс багш нарыг зэвсэглэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр энэхүү мэдэгдлийг Цагаан ордонд Флоридагийн Маржори Стоунманы нэрэмжит дунд сургуулийн багш, сурагчид оролцсон галт зэвсгийн хүчирхийлэлтэй холбоотой бага хурал зохион байгуулах үеэрээ хийжээ. Тус сургуульд энэ сарын 14-нд зэвсэгт этгээд дайрч, 17 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.

Ерөнхийлөгч энэ үеэр Флоридагийн буудалцааныг нүдээрээ үзсэн багш, сурагчдаас тавьж буй ирээдүйд ийм халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой гэсэн шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрбээр галт зэвсэг худалдан авах хүсэлтэй хүмүүсийг шалгадаг системээ чангатгах саналыг дэмжиж байна гэжээ. “Бид маш нарийн шалгалт явуулах болно. Ялангуяа зэвсэг авах хүсэлтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайн шалгах болно. Энэ бол өмнө нь хэлдэг байсан шиг хоосон үг биш шүү” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Дональд Трамп сургуулийн орчинд зэвсэг авч явахыг хориглодог дүрмийг илт шүүмжилсэн байна. “Зэвсэггүй бүс гэдэг бол гаж донтнууд гэх аймхай хулчгар нөхдүүдийн хувьд “Оръё, дайръя” гэдэг газар мөнөөсөө мөн” хэмээн хэлжээ.

Харин багш нарыг зэвсэглэх тухайд “Хэрвээ чи багш бол, галт зэвсэгтэй харьцах туршлагатай бол ийм халдлагыг маш хурдан дарна шүү дээ” хэмээн Америкийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр сургуулиуд гаж донтнуудыг зогсоохын тулд нийт багш нарын 20 хувийг зэвсэглэсэн байхад л хариу гал нээж чадахааргүй байна гэжээ. Гэхдээ энэ санал зөвхөн галт зэвсэгтэй зөв харьцаж чаддаг хүмүүст л хамаатай хэмээн нэмж хэлжээ.

Түүнчлэн тэрбээр тус улсад сэтгэцийн эмнэлэг илүү байх барих шаардлагатай гэж хэлжээ. Цагаан ордны тэргүүн эдгээр санаагаа Америкийн сургуульд болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд болон сурагчидтай хийх уулзалтынхаа үеэр мэдэгдсэн байна. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн олонх нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ.

Гэхдээ Трампын саналыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс ч цөөнгүй байжээ. Тухайлбал, 2012 онд “Сэнди-Хук” бага сургуульд болсон халдлагын үеэр зургаан настай хүүгээ алдсан Николь Хокли багш нарыг зэвсгээр хангах бус, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэжээ.

Флоридагийн дунд сургуульд болсон аллагын үеэр Медоу хэмээх охиноо алдсан иргэн Эндрю Поллак Ерөнхийлөгчийг саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. “Миний охины дуу хоолой цаашид үгүй болсон болохоор л бид энд ирсэн. Түүнийг миний өнгөрсөн долоо хоногт хөнөөж, биднээс аваад явчихсан шүү дээ. Охин минь гуравдугаар давхарт есөн удаа буудуулж амиа алдсан. Бид, энэ улс орон бидний хүүхдүүдийн төлөө юу ч хийж чадаагүй” гэжээ.

Парклэнд дэх дунд сургуулийн халдлагаас амьд гарч чадсан сурагч, багш  нар лхагва гарагт Флорида мужийн нийслэл Таллахасси руу хөдөлж, мужийн хууль батлагчдаа хагас автомат зэвсгийн худалдааг хязгаарлах хууль баталж өгөх хүсэлт гаргасан гэнэ. Энэ шаардлагыг дэмжиж, Вашингтон, Чикаго, Питтбург зэрэг хотуудад жагсаал зохион байгуулсан байна.

Эргэн сануулахад энэ сарын 14-нд Флорида мужид Маржори Стоунманы нэрэмжит дунд сургуульд халдлага гарч, 17 хүн амиа алдсан нь 2012 оноос хойших хамгийн том цуст аллага болжээ. Харин 2012 онд “Сэнди-Хук” дунд сургуульд халдлага болж, 26 хүн амиа алдаж байсан билээ.

Флоридагийн дунд сургуульд халдлага үйлдсэн 19 настай Николас Круз нэг цагийн дараа баривчлагдсан бөгөөд буруугаа бүрэн хүлээсэн юм.

Зургийн тайлбар:

Ерөнхийлөгч Трамп гартаа халдлага болсон сургуулийн сурагчдад хэлэх гэсэн зүйлсийнхээ жагсаалтыг цувуулан бичсэн цаас барьжээ. Жагсаалтыг тавдугаар хэсэгт “Би та бүхнийг сонсож байна” хэмээн бичсэн байна.

Эндрю Поллак (голд нь байгаа)-ийн охин Медоу Флоридагийн сургуульд амиа алдсан юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.