Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонины холбоо /WAN-IFRA/-ны гишүүнээр албан ёсоор батламжлагдсанаа өнөөдөр зарлалаа. Өдөр тутмын сонины холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж энэ тухайгаа мэдээлсэн юм. Энэ холбоонд гишүүнээр элссэнээр нэг талаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар олон улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа аж.

Нөгөөтэйгүүр олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөх, үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн шинэ шатанд дэвших боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Өнөөдрийн үйл явдал нь Монголд тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхэнд тохиолдсон томоохон үйл явдал болж байна.

Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Б.Долгион хэлэхдээ “Монголын өдөр тутмын сонинуудын холбоо энэхүү нэр хүндтэй байгуулагын албан ёсны гишүүн болсноор нийт сонины ажиллагсад, сэтгүүлчид олон улсын төвшинд ажиллах, судалгаа хийх, зөвлөгөө авах, салбарынхаа бусад төлөөлөгчидтэй хамтран ажиллах цар хүрээг нь өгсөж байна” гэлээ.

Дэлхийн сонины холбоо нь 1948 онд байгуулагдсанаасаа хойш 120 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-ын UNESCO-д зөвлөх статустай мэргэжлийн байгууллага юм. Мөн хэвлэлмэл бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийдэг гол субьект аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн