АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гаригт 71 насны босгыг давлаа. Энэ өдрийн өглөө Цагаан ордон нам жим, тайвандуу гэж хэлж болохоор байтал Виржиниад конгрессменүүдийг буудсан хэрэг гарч, Трамп төрсөн өдрийн “парти”-гүй хоцров. Сүүлийн 100 жилийн дотор “мэндэлсэн” ер бусын улстөрчдийн нэг, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид 2017 оны нэгдүгээр сарын 20-ны тушаалаар томилогдсон.

Хачин этгээд гэмээр тэрбумтан, системийн биш улстөрч, албан тушаалын туршлагагүй, “авлигажсан систем”-тэй тэмцэгч тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар экс тэргүүн хатагтай бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга, Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг дуулиантайхан ялсан юм.

Ихэнх шинжээчид ялалтын боломжийг нь 0-35 хувиар үнэлж байсан Трамп ийнхүү өөрийн амьдрал дахь хамгийн ашигтай, хамгийн өргөн цар хүрээтэй наймаагаа сонгогчидтай хийж чадсан. Түүний 70 нас, түүний тэрбумаар тоологдох хөрөнгө хийгээд Трампын эргэн тойрны дуулиан шуугиан Америкийн сонгогчдыг зовоосонгүй. Тэд Трамп л Америкийг дахиад агуу болгож чадна гэж итгэжээ.

“Энэ газар худалдагдах уу” гэж ирээдүйн хадмаасаа асуув

Энэ гэр бүлийн хосуудыг сүй тавихаас хоёр жилийн өмнө буюу 2002 оны долоодугаар сард Дональд Трамп Меланья Кнаусс гэгч эмэгтэйн эх оронд гурван цагийг өнгөрөөв. Даваа гаригийн оройн найман цагаас арай өмнө Лондонгоос ниссэн Трампын “Боинг 727” онгоц Любляна хотоос холгүй Брника нисэх буудалд газардав.

Нэр овгийнхоо зөв бичгийн дүрмийг өөрчилөн үсгүүдээ сольсон Melanija гэх бүсгүй эцэг, эх Виктор, Амалия Кнавс нар Трампыг хүлээж байлаа. Гучин таван минутын дараа тэдний хөлөглөсөн “мерседес”-ийн цуваа “Grand Hotel Toplice”-ийн өмнө очиж тэд арын хаалгаар буудалд нэвтрэн Блед нуур харагдсан ширээний ард сууцгаажээ.

Трамп, Меланья нар ширээнд зэрэгцэн, эцэг эхийнх нь өөдөөс харан сууцгаав. Тэднээс өөр хүмүүс тэнд байсангүй. Меланья орчуулагч хийж, бусад нь алкоголгүй коктайль сорон шарсан төмс, сонгинотой эскулоп гэх хавтгай шарсан мах идэж байв. Десерт нь зэрлэг хад байлаа. Кофенаас Трамп татгалзав. Явахын өмнө тэрбээр “Энэ газар худалдагдах уу” гэж ирээдүйн хадмаасаа асуусан тухай бидэнд Боян Пожар,Игорь Омерца нарын сэтгүүлчид өгүүлж байна. Трамп шөнө дундаас өмнөхөн нисэх буудалд эргэн очжээ.

Трамп, Меланья нарын дурлал Нью-Йоркийн “Moo MBa” клубт өрнөжээ

АНУ-ын Тэргүүн хатагтай нь харьд төрсөн эмэгтэй юм. Бас Ерөнхийлөгч Жон Куинси Адамсын эхнэр Луиза байсан л даа. Гэхдээ эцэг нь улстөрч америк айлын хүн учраас  түүнийг тэгж хэлэх нь юу л бол. Өөрийн охидын нэгийг АНУ тусгаар тогтноход Каролина Виргиниа Мэриланд гэж нэрлэсэн хүнийг муулж болно гэж үү? Адамсын долоон охид зөвхөн америк хүнтэй гэрлэхийг гуйж байсан гэх.

Ер нь ч Луизагаас Меланья огт өөр. Луиза хаан ятга тоглож, хошин жүжиг бичиж, торго нэхэж, эрвээхэй үржүүлж иржээ. Тэр 14 удаа жирэмсэлсэн ба ес нь зулбаж, нэг удаа үхсэн хүүхэд төржээ. Харин Меланья чөлөөт цагаараа пилатес гэх фитнест хамаатай дасгал хийж, Гялбаа сэтгүүлүүдийг уншдаг хэмээн ярьдаг.

Тэрбээр 1970 онд хуучин Югославын Ново-Место хотод төрж, Севнице гэх гоё голын эрэгт өсчээ. Хожим түүний сайтад өгүүлснээр, Милан, Парист зураг авалтад оролцон онгоцонд цагаа өнгөрөөж ирсэн гэнэ. Харин Нью-Йорк хотноо Kit Kat Club клубт Моделийн агентлагийн тэргүүн Паоло Замполлийн үдэшлэг дээр Трамптай анх танилцсан гэнэ. Дональд Меланьяг анзаараад утасны дугаарыг нь гуйсан байв. Дональд Норвегийн гоо сайхны бүтээгдэхүүний эзэнт улсын өв залгамжлагч Селина Мидельфарт гэдэг өөр хүүхэнтэй ирсэн учраас Меланья дугаараа өгсөнгүй.

Тэдний хайр Нью-Йоркийн “Moo MBa” гэх тухайн цагтаа алдартай байсан, өнөөдөр бол хаагдсан клубт өрнөсөн гэдэг. Трамп “Шинэчлэл”-ийн гэсэн намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэсэн 2000 онд тэд нэг удаа салж үзсэн ч дараа нь хурдан эвлэрчээ. Хувцасны хүрээлэнгийн үдэшлэг дээр Дональд гэргийдээ гэрлэх санал тавьжээ. Юнион-скверийн орчим чимээгүйхэн амьдарч байсан Меланья бас л чимээгүйхэн тавдугаар гудамжны Trump Towerт очиж амьдарсан байна.

Би карьертай болохоор АНУ-д ирсэн

Трампын эх гадаадад төрсөн швед эмэгтэй. Түүний анхны эхнэр Ивана Зельничкова Чехийн Злин хотоос нисэн ирж байлаа. Хэрэв тэр “түрээд, түрж орж ирээд улс орныг дүүргэж байгаа” хүмүүсийн төлөө тэгтэлээ их зовж байгаа л бол эхлээд өөрийгөө тойруулаад аль эрт хана босгох ёстой байсан юм.

Гэхдээ Трамп тэнэг биш гэдгээ мэдэх учир өөрийн гэр бүлийг хуулийн дагуу орж ирсэн цагаачид гэдэг. АНУ-ын цагаачдын кодекст бараг хагас нь сургууль төгсөөгүй загвар өмсөгч нарт H-1B виз олгох хачин заалттай. Ийм визийг эрдэмтэд, программчдад дипломоо үзүүлсний дараа л олгодог журамтай юм.

Меланья Green Card-ыг 2001 онд авчээ. Таван жилийн дараа Америкийн иргэн болов. Хуулийг барих хөрөнгөтэй юм чинь. “Би карьертай болохоор АНУ-д ирсэн. Тэр амжилтандаа хүрч би үлдсэн юм. Энд бичиг баримтгүйгээр үлдэх гэсэн санаа надад төрөөгүй. Журмаар явж, хуулийг дээдлэх ёстой. Визээ сунгуулахаар Европт буцах тохиолдол бишгүй л байсан” гэж Меланья нэг удаа Harper’s Bazaar сэтгүүлд ярьсан байдаг.

Мөн “Миний ертөнц” гэсэн өөрийн сайтдаа Меланья өөрийгөө гэрэл зургийн дуранг татдаг гадаад төрхтэй оюутан асан, далайн давалгаа шиг өнгөтэй нүдтэй хөөрхөн бүсгүй, эх хүн, буян үйлдэгч, олон рекламны кампанид оролцсон Нью-Йоркийн оршин суугч гэх мэтээр бичсэн байгаа. Харин одоо тэр сайт байхгүй. Учир нь тэндээс нэгэн нөхөр “Любляны Их сургуулийн уран барилга, дизайны диплом авсны дараах өгүүлбэрийг олоод харжээ. Энэ эмэгтэйн албан бус намтраар бол тэр нэгдүгээр курсээ төгсгөлгүйгээр сургуулиа хаяжээ.

Ихэнх цагтаа Меланья дуугардаггүй. Нүдээ онилгон харах нь толин дахь дүрсийг санагдуулахаас биш сэтгэлийн толь нь биш юм. Сонгуулийн компанийн үеэр нөхрийнхөө дэргэд бараг харагдаагүй. Арван настай хүүтэйгээ гэртээ суухыг илүүд үздэг гэх юм билээ. Харин сүүлийн үед эмэгтэй сонгогч нарын нүдэнд  нөхрийнхөө дүрийг өөрчлөхөөр ахиухан харагдах болсон. Трампын төлөө гурван эмэгтэйн нэг нь санал өгөхөөр хүсч байгаа. “Дональд гарамгай хэлэлцээр явуулагч”, “Бие хоёр их бие даасан хүмүүс” гэсэн байнгын богино хэллэг түүнд бий.

Хандмаагийн төрхтэй гадаадын эмэгтэй

Харин Меланья гоёл чимэглэл, гоо сайхны барааны шугам бүтээсэн юм. Тэрбээр “А-гаас Я хүртэл” хэллэгт ихээхэн дуртай. Хэрэв Трамп  эхнэрийнхээ тухай ярьдаг бол гадаад төрхтэй нь холбодог. Тэр нь энэ 46 настай эмэгтэй 70 настай хөгшинд хүчтэй эротик нөлөөтэйг илэрхийлнэ. Тэр Пенсильванийн их сургуулийн тайзнаас “Миний топ-модель хаа байна?” гэж хашгиран дуудаж байлаа.

Түүний юу өмсөж, гоёж байгааг  америкчууд анзаардаггүй. Түүний үнэхээр гоё бие галбир сонгогчдын сэрлийг асаадаггүй. Меланья хандмаагийн төрхийг хадгалсан гадаадын эмэгтэй. Тэр үдэшлэг дээр зургаа авахуулдаггүй “түүнд өмнөх хайр, майр гэсэн юм огт байхгүй” гэж бүхнийг мэдэгч селебрити-фотограф Антуан Вергла “Вашингтон Пост” сонинд гайхуулан ярьж байв.

Түүний намтар маш хоосон, шинэ зүйл гаргахын тулд нэлээгүй ургуулан бодох чадвар хэрэгтэй. Трамп Меланьяд өөрийн овгийг өгсөн. Дональдын санхүүгийн амжилт, түүний видео тоглоом, стейкаар бишэрдэг америкчуудын нүдэнд тэр нь Меленьягийн ялалт болгон харагдуулж байгаа. Дональд шиг Меланья архи дарс хэрэглэдэггүй. Хэзээ ч өөрийн хүрээнээс харьдаггүй. Нөхөр шигээ хамаагүй ярихгүй. Дональдын ер бусын үсний тухай шуугилдаж байхад “Би түүнийг байгаагаар нь хайрладаг” гэж хэлж байлаа.

Меланьягийн Нью-Йоркт ирж, 1992-1996 оны хооронд гаргасан моделийн карьерын талаар бараг мэдэгдэхээр зүйл байхгүй. Тэрбээр хэд хэдэн рекламын кампанид оролцсон нь том амжилт байлаа. Одоо түүний тухай эрэн сурвалжлагын ном гаргасан хоёр сэтгүүлчийн харилцаа хурц байна. Экс моделийн хөхөнд силикон шахсан тухай өгүүлэл бичсэн Пожарыг  шүүхэд өгнө гэж Трампын өмгөөлөгч айлгасан юм. Гэхдээ сэтгүүлчид эрэн сурвалжлагыг сайтар хийж, баримт, гэрэл зургаар баяжуулсан байгаа. Гэвч бас хэтрүүлэг бий.

“Миний ээж бүх насаараа л моод бүтээж ирсэн” хэмээн хэлсэн Меланьягийн яриаг сэтгүүлчид тодруулахад, Амалия улсын нэхмэлийн Jutranjka үйлдвэрт 1997 онд тэтгэвэрт гартлаа 30 жил ажилласан, даавууны хээ зурдаг хүн байж. Харин тэд Меланьягийн гоо бүсгүйн уралдаанд ялсан гэх мэдээллийг үнэнээр нь тогтоосон юм. Бас их сургуулийн диплом гэдгийг ч ухан гаргажээ.

Нью-Йоркийнхны хувьд хэтэрхий энхрий нэгэн

Өнгөрсөн онд Трампаас “Та испаниар ярьдаг уу” хэмээн асуухад тэр “үгүй, энэ улсад  англиар ярьдаг гэдгийг танд сануулья” хэмээж байсан. Гэвч англиар словени аялагтай ярьдаг  хүүтэй байх нь Дональд Трампын хувьд хачин хэрэг байх. Хэн нэг нь мэдэхгүй гэж бодоогүй биз дээ? Ларри Кинг 2010 оны ярилцлага хийхдээ “Энэ чинь ямар аялага вэ? Хэмээн асууж байсан юм.

Меланья нөхөр шигээ эрхэмсэг байдаг нь зугаатай. Ердийн үедээ Тэргүүн хатагтай аль болохоор ард түмэнд ойр байхыг хичээдэг. Гэвч заримдаа хачин зүйл гаргадаг л даа. Жон Керрийн эхнэр Африкт төрсөн цагаан арьстан эмэгтэй Тереза Хайнц-Керри хар арьснуудтай уулзахдаа өөрийгаа африк хүн гэж хэлээд явж байсан. Харин Меланья  цасан хатан шиг, эх хүн гэдгээ үгүйсгэсэн байдалтай. Тэрбээр нөхрийгөө шүүмжлүүлэх дургүй. Ердийн америк хүнийг бодвол тэр сул талаа ил гаргахгүй хичээн, дарж явдаг.

Арван настай Бэрроны хэтэрхий үнэтэй хувцасны талаар яриа өдөөхөд “Бэррон спортлог бие галбиртай” гээд өнгөрөөнө. Түүнтэй маргаан өрнүүлэх аргагүй. Меланьяг хувь хүн талаас нь мэдэх хүмүүсийн яриаг сонсоход таатай аятайхан хүн гэдэг. Түүний талаар гарсан “Нью-Йоркийнхны хувьд тэр хэтэрхий энхрий нэгэн” гэсэн яриа бас бий.

Трампын энэ тэнцвэргүй гэрлэлтийг маркетингийн хэрэгсэл гэмээр байгаа юм. Эмэгтэй хүнийг ертөнцийг хардаг шигээ л харж, ямар нэгэн харилцан ойлголцолгүй явдаг байх. Тийм л байх ёстой гэсэн өөрийнхөө үзлийг баттай барьдаг болов уу? Сонирхолтой нь тэд гэрлэснээсээ хойш гурван цагийг өнгөрөөсөн Словениар дахин очоочгүй гэдэг.

Хөзөр эсвэл арга гэсэн утгатай нэрэндээ тэр дуртай

Дональд 1946 оны зургадугаар сарын 14-нд Нью-Йоркт  барилга босгож байсан саятан Фред Трампын гэр бүлд төржээ. Эцгийн талаасаа герман цустай, эхийн талаас шотланд гаралтай Трампын нэр нь англиар “хөзөр” эсвэл “арга” гэсэн утгатай. Дональд Трамп нэрээрээ бахархаж түүнд аз авчирдаг гэж үздэг байна.

Трамп 1959-1964 онд Нью-Йоркийн Цэргийн академийг төгсөн, 1964-1966 онд Фордэмын их сургуульд суралцжээ. Дараа нь Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн их сургуульд шилжиж, 1968 онд эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Ингээд 1968 оноос эцгийнхээ компанид (Elizabeth Trump & Son) ажиллах болов. Түүний анхны  төслийн нэг нь Цинцинатти (Огайо) хотод босгосон Swifton Village гэх орон сууцны цогцолбор. Шинэчлэн сайжруулсаных нь дараа компанийн ашиг нь 50 хувиар нэмэгдлээ. Тэрбээр 1971 онд  гэр бүлийн компанийн хяналтын багц хувьцааг атгаад компанийн нэрийг Trump Organization болгон Нью-Йоркийн Манхэттенд элитийн үл хөдлөх хөрөнгө ба хотын захиргааны төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Трампын хамгийн алдартай төслийн нэг нь Grand Hyatt (шинэчлэгдээд Commodore) буудал юм. Мөн 58 давхар Trump Tower ба түүнд оффис нь болон хувийн өргөө нь байрладаг. Мөн НҮБ-ын байрны ойролцоо Trump World Tower гэх 72 давхар байр бий. Трампын компани нь Уолл стрит дэх Trump Building цамхгийг шинэчилсэн бөгөөд Trump International Hotel & Tower сүлжээ нь Чикаго, Атланта, Филадельфи, Гонолулу, Шинэ Орлеан, Сөүл, Торонто, Дубай зэрэг хотуудад бий. Трамп эдгээр төслийн хамтран эзэмшигч.

1980-аад онд тэр тоглоомын бизнест хөл тавьж, Атлантик Сити зэрэг хотод хэд хэдэн казино худалдан авчээ. Тэдний тоонд отель-казино Trump Plaza Hotel & Casino ба Taj Mahal багтана. Эдгээр нь Tramp Hotels and Casino Resorts сүлжээ юм. Түүнийг 2004 онд Trump Entertainment Resorts Holdings болгожээ. Казиногоос гадна бусад оронд түүний гольфийн элить талбай, гольф амралт, амралтын газрууд бий. 1996-2015 онд тэр NBC телекомпанийн хамт “АНУ-ын Мисс”, “Хорвоогийн Мисс” тэмцээн зохион байгуулах эрхийг эзэмшиж байгаад энэ эрхээ Холливудын IMG агентлагт 25 саяаар заржээ. Тэр өнгөрсөн онд NBC-ийн хувийг худалдан авсан байлаа.

Трампын брэнд

Тэр өөрийн нэрийг амжилттай брэнд болгон хувиргасан байна Нэрээрээ тэр өөрийн хөрөнгийн гуравны нэгийг босгожээ. Зөвхөн АНУ-д гэхэд л Trump нэртэй худалдааны маркийг бүртгүүлэхээр 200 өргөдөл бүртгэгдсэн байна. Түүний нэр зарим компанид ашиглагддаг. Trump Financial (ипотека), Trump Restaurants (рестораныбизнес), Donald J.Trump Signature Collection (эрэгтэй хувцасны шугам), Ivanka Trump Collection (охиных нь нэрээр; гоёл чимэглэл ба гутал), Trump Ice (ундааны ус), Trump Steaks (махан бүтээгдэхүүн), Trump Home (гэр ахуйн бараа ба тавилга), Trump Model Management (моделийн агентлаг) гэсэн компаниуд бий. Брэндийн үнэлгээ нь нийт төслийн 20-25 хувьд хүрнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Дональд Трамп өөрийн хөрөнгөө 10 тэрбум доллар гэж мэдэгдсэн юм. Харин Forbes Трампын хөрөнгийг 4.1 тэрбум доллар гэсэн бол Bloomberg  агентлаг 2.9 тэрбум гэжээ. Дональд Трамп 15 орчим ном зохиосон байв. Тэдгээр нь гол төлөв ажил хэргийн ном юм. Жишээ нь “Наймааны гэрээ байгуулах урлаг” (1987); “Хэрхэн баян болох вэ” (2004); “Оргилд хүрсэн зам” (2004); “Трамп хэзээ ч бууж өгдөггүй” болон “Өөрийн том асуудлаа би хэрхэн амжилт болгов” (2008) зэрэг номууд нь сонирхолтой.

Завгүй ч гэсэн Дональд Трамп хэдэн кинонд тоглож, “Эмми” шагналд нэр дэвшчээ. “Беверли-Хиллзийн ханхүү”, “Гэртээ ганцаараа 2”, “Манай амьдралын өдрүүд”, “Асрагч” зэрэг киног нэрлэж болно. Тэр 12 жилийн турш NBC телевизийн The Celebrity Apprentice шоуны продюсераар ажиллаж байсан. Энэ шоу нь Трампыг хамгийн өндөр хөлстэй хөтлөгч болгосноос гадна Холливудын алдрын гудамжны таван хошууг түүнд авчирчээ.

Энэ зурагт Трампынхан багтсан байгаа. Trump  Tower цамхагт 2016 онд авахуулсан зургийг зүүнээс баруун тийш гүйлгэн хараарай. Дунд хүү Эрик Трамп түүний эхнэр Лара, Дональд ба түүний бага хүү Бэррон, эхнэр Меланья, том хүү Бага-Дональд эхнэр Ванесса ба хоёр хүүхдийн хамт, том охин Иванка түүний нөхөр Жаред, Трампын бага охин Тиффани нар зогсож буй. Энэ бүгдээр тэдний гэр бүл дуусаагүй. Далан настай Ерөнхийлөгч найман удаа өвөө болжээ. Дональд мөн эгч, дүү хоёртой.

Бэлтгэсэн: М.ЭРДЭС

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн