Сахарын цөлд хана хэрэм босгох тухай Д.Трампын хүсэл шүүмжлүүлжээ

2018 он гарсаар Испанид 30 мянга гаруй дурвэгч иржээ. Морокко улсын иргэд тэднийг тэргүүлдэг бол үлдсэн хэсэг нь Африкийн янз бүрийн орны төлөөлөл байдаг. 2018 он гарсаар 2,000 орчим дүрвэгч Европыг зорих замдаа Газар дундын тэнгист живж амиа алдаад байна.

Урд хөрш Мексикийн хил дагуу хана хэрэм босгохоор зүтгэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп бусад улс оронд мөн ингэхийг зөвлөдөг болжээ. Африкийн дүрвэгчдийн урсгалыг зогсоохын тулд Сахарын цөлд хана босгох хэрэгтэйг Испанийн эрх баригчдад зөвлөсөн талаар тус улсын гадаад хэргийн сайд Жозеп Боррел саяхан ярьсан байна. Испани улс сүүлийн жил орчим хугацаанд сайхан амьдрал хайн Африкаас Газар дундын тэнгисийг гатлан ирж байгаа дүрвэгчдийн урсгалд нэрвэгдээд байгаа.

Трампын зөвлөгөөг сонссон Испаний сайд Сахарын цөлд хана босгох тийм амар биш болохыг тайлбарлахад АНУ-ын ерөнхийлөгч “Сахарын хана манай Мексикт байгуулах хананаас урт байж чадахгүй” хэмээн зөрүүдэлжээ. Сахарын цөлийн урт 4,800 км орчим бол АНУ-Мексикийн хилийн урт 3,200 орчим километр юм.

Сахарын цөлд хана хэрэм байгуулахад бас Африкийн хэд хэдэн орноос зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Трампын хана хэрэм босгох хүсэл Конгресс дээр хүчтэй шүүмжлүүлж, саад бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Боррел хана хэрэмний талаар Трамптай ярьж байснаа сая Мадридад болсон арга хэмжээний үеэр дэлгэсэн боловч яг хэзээ ийм яриа болсныг хэлээгүй байна. Тэр Испаний хаан, хатныг дагалдан өнгөрсөн зургаадугаар сард Цагаан ордонд зочилж байсан юм. Энэ айлчлалын үеэр хана хэрэм байгуулах асуудал яригдсан байж магадгүй байна.

Эх сурвалж: Business Insider

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.