Яг 94 жилийн өмнө Петроград хотын Гэмт хэрэг­тэй тэмцэх тасгийн ажилтнууд Ленька Пантелеев гэсэн нэртэй онц ноцтой дээрэмчнийг буудан хөнөөсөн байна. Зөвхөн амьдралынхаа сүүлийн сард Ленька Пантелеев хүн амины 10 хэрцгий аллага, 20 гаруй удаагийн дээрэм, мөн 15 удаа зэвсэгт дээрэм хийсэн байна. Ерөөсөө л товчхондоо түүний амьдралын хэмнэл нь тэр чигээрээ гэмт хэрэг хийж байж санаа амардаг байв. Гайхалтай нь түүнд зориулсан дуу шүлэг, өгүүллэг, туульсыг тоолж баршгүй. Бүр хөгжимт дуулал хүртэл зохиогдсоныг харахад үнэхээр сайн хүн байсан юм шиг харагдана.

Л.Пантелеев олон намтартай нэгэн. Заримдаа тэр 1920 оны эхээр гарч ирсэн дайчин, том гарын наймаачдыг дээрэмддэг сайн эрийн дүрд байдаг бол заримдаа хэрцгий хүйтэн алуурчин болон хувирдаг. Жинхэнэ нэр нь Леонид Пантелкин боловч хэзээ, ямар зорилгоор Пантелеев гэх овог авсан нь одоо болтол тодорхойгүй байна.


Леонид Пантелеев 1902 онд Петербург хотын ажилчны гэр бүлд төржээ. Бага сургуулиа амжилттай төгсөн, мэргэжлийн курсэд бүртгүүлж тэр үед дээгүүр тооцогддог хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчийн мэргэжил эзэмшиж, нэг хэсэг “Копейка” сонины хэвлэх үйлдвэрт ажиллаж байлаа. Тийм мэргэжил эзэмшсэн хүн бол хэлний өндөр боловсролтой байх ёстой. Тэрээр энэ бүх шаардлагыг хангаж байсан бөгөөд ажилдаа нямбай, бас ч гэж бусдынхаа дэргэд боловсролоороо дөнгүүр нэгэн байлаа. 1919 онд Пантелеев насанд хүрээгүй ч гэсэн сайн дураараа Улаан армид элсэн Нарвын фронтод явсан байна. Сайн байлдаж байсан ч олзлогдон удаагүй оргож, дахиад улаан армид орсон аж. Пантелеевын байсан хороог Дотоод яаманд хамааруулж Псков муж руу дээрэмчин хулгайч нартай тэмцэхийн тулд шилжүүлсэн байна. 1921 онд Пантелеевыг төмөр замын Онцгой комиссын цэргийн хяналтын хэсэгт байцаагчаар авчээ. Баруун хойд чиглэлийн хэлтэс тэрээр хуваарилагдав. Гэвч 1922 онд Онцгой комиссоос цомхотголоор халагдсан байна. Зарим мэдээгээр бол Ленька зарим нэг даалгаврыг гүйцэтгэж бүр тэндээс цалин авдаг байсан гэдэг. Харин өөрийнх нь хийсэн дээрэм, аллагаа үгүйсгэж байсан учраас Онцгой комисс ийм хүнийг өөрийн мэдэлд байлгахгүйн тулд халсан гэнэ. Зөвлөлтийн хэвлэл мэдээлэл түүнийг чекист байсныг удаан хугацаагаар нууж байлаа. Харин тэр нь сүүлийн үед олон баримтаар нотлогдож, ил гарч ирж байгаа юм. Халагдсаныхаа дараа Пантелеев хэд хэдэн том дээрэм хийж айдас төрүүлж эхлэв. Түүний зоригтой болоод хэрцгий зан ааш, зөвхөн баян наймаачдыг дээрэмддэг зарчим доод давхаргын хүмүүсийн дунд их нэр хүндийг олжээ. Тэр үеийн Петроградын төв хэсэг чекистүүдийн мэдэлд, харин захын дүүргүүд дээрэмчдийн мэдэлд байлаа. Нэг удаа өвөл В.И.Ленин жолоочтойгоо бие хамгаалагчгүй зуслангийн байр руугаа явж байжээ. Гэтэл Петроград хотоос гарах үед хэдэн хүн машиныг нь зогсоож буу тулган Ленинийг өмсч явсан булган шубыг тайлахыг үүрэгджээ.

Үүнд гайхсан хувьсгалын их удирдагч маань “Та нар намайг таньж байна уу. Би Ленин байна” гэж түүнийг шулганахад шубыг нь мулзалсан зэвүүн царайт эр “Харин чи муу намайг таньж байна уу. Би Ленька Пантелеев байна. Надад чиний шуба хэрэгтэй болохоос бус хэн гэдэг чинь огт падгүй” гэсэн дам яриа дээрэмчдийн дунд яригддаг. Ер нь Оросын дээрэмчдийн дунд бичигдээгүй нэгэн хууль байдаг бөгөөд дээрэм хийхдээ нэр усаа зарлаж хэлнэ. Ингэснээр өөрсдийгөө хэр том хүн болохоо харуулах, мөн нөгөө талаар бусад дээрмийн бүлгийнхэндээ илүү гэдгээ гайхуулсан үйлдэл нь сүүлдээ дээрэмчдийн бүлэглэлийн заншил болжээ. Чекистүүдийн архиваас үзэхэд Л.Пантелеев хагас жилийн дотор ангийн арьс зардаг Богасевич, доктор Грильхес, худалдаачин Аникеев, рестораны эзэн Левитов, ломбардны эзэн Мехельсон гэх мэт муж, хотдоо өөрийн гэсэн бизнестэй, наймаачдыг онилон 68 удаагийн дээрмийн халдлага үйлджээ. Заримыг нь бүр удаа дараа дээрэмдсэн тохиолдол гарчээ. Ленька бол эмэгтэй хүний сэтгэлийг татаж чаддаг нэгэн байв. Түүнд уулздаг маш олон эмэгтэй байсан бөгөөд тэрээр ийм бүсгүйчүүдээ голдуу баячуудын хүрээнээс сонгоно. Энэ нь түүнд гэмт үйлдлээ хийх боломжийг олгодгоороо давуу талтай байж. Тэднээс энэ хотод хэн гэдэг баян хүн амьдардаг, ямар хүмүүстэй холбоотой байдаг төдийгүй хэдийд гэрээсээ гарч явдаг зэрэг бүх нарийн мэдээллүүдийг авдаг байна. Мөн тэрээр баячууд болон томоохон албан тушаалтнуудын гэрийн үйлчлэгчийн толгойг эргүүлэн өвөртөө оруулаад хэрэгтэй мэдээллээ олж авдаг байлаа.

Тэгээд сайтар төлөвлөсний эцэст хэнд ч баригдахгүйгээр хэрэг хамуудтайгаа дээрмээ хийдэг байв. Гайхалтай нь ийнхүү олон сар өдрөөр төлөвлөж, дээрмээ хийчихээд Ленька өөртөө олигтой юм авдаггүй байсан гэдэг. Ленька олзоо зараад наргиж наадах хувиа аваад бусдыг нь хэнд ч хамаагүй тараачихдаг байжээ. Нэг ёсны “Робин Гүүд” шиг зан гаргадаг байсан болохоор тус хотынхон түүнд муу хандаж чаддаггүй байлаа. Тэр байтугай нэг удаа Петроград хотын нэгэн цагдаагийн эхнэрийг хүнд өвчтэй байхад нь хариулж боломгүй тус хүргэсэн учир цагдаа нар нь Ленькаг дээрэм хийгээд байгааг мэддэг байсан хэрнээ баривчилж чаддаггүй байжээ. Мөн нөгөө талаар Ленькаг хэргээ үйлдэж байхдаа ул мөр үлдээдэггүй байсан болохоор түүнийг шууд таамгаар баривчлах хэцүү байсан гэдэг. Ленька эхлээд дээрэм л хийдэг байсан бол сүүлдээ зан ааш нь өөрчлөгдөж, хурц авир илэрснээр хүний амь хөнөөх болсон юм. Гэвч тэрээр өмнөх шигээ ул мөрөө хэр барагтай үлдээдэггүй, бас ямар ч гэрч байдаггүй байлаа. Иймд Петроград хотын удирдлага болон Онцгой комисс хуралдан Ленька ба түүний бүлгийг нийгэм болооод хүмүүст онц аюултай гэж үзэн, Ленька болон бүлгийн гишүүдийг бүгдийг нь баривчлах шийдвэр гаргалаа. Ленькагийн бүлгийн нөлөөгөөр Петроград болон бусад хотуудад ч дээрмийн бүлгүүд олноороо байгуулагдаж, нийгэмд жинхэнэ аюул үүсгэж эхэллээ. Ингээд олон хоногоор цагдаагийнхан түүнийг мөрдөхөд зөвхөн долоо хоногийн хугацаанд 10 гаруй дээрмийн хэрэг үйлджээ. Иймд хяналтаа алдаж болзошгүй хэмээн үзэж, түүнийг баривчлах тогтоолыг яаралтай гаргуулан дээрэмдсэн эд зүйлсээ зарж борлуулсан мөнгөөрөө бүлгийнхээ хамуудтай хотын төвийн ресторанд хоол идэж байхад нь буудан хороожээ. Уг нь түүнийг баривчлахаар очсон боловч тэрээр нэлээд халамцуу цагдаа нарын өөдөөс буу гаргасан тул цагдаа нар арга буюу буудсан гэдэг. Өөр нэгэн мэдээгээр Ленькаг гудамжинд чекситүүдтэй буудалцах үеэрээ суманд оногдон нас барсан гэнэ. Юутай ч Оросын эрүүгийн түүхэнд ийм нэгэн билэг танхай этгээд амьдарч явжээ.

Хожим хойно шинжээчид түүниий зан байдалд дүгнэлт хийгээд “Л.Пантелеев нь олдмол төрлийн сэтгэцийн өвчтэй болсон, энэ нь дайны үеэр олон цэргүүд буудуулан нас барж байгааг хараад цочролд орсон байж болзошгүй” гэж үзсэн байна. Энэ таамаглал нь ч үнэний хувьтай. Тэрээр улаан армид цөөнгүй жил зүтгэсэн ч тэнд үргэлж л хэн нэгнийг өрсч алах, хэмжээ хязгааргүй цус харж байснаас болж сэтгэц нь өөрчлөгдсөн байж болох талтай. Тэрээр гэмт хэргээ үйлдэж байхдаа шууд л “Өрсөж ал, хэнийг ч бүү хайрла” гэж бүлгийнхэндээ хэлдэг байжээ. Хожим хойно нь В.И.Ленин өөрийг нь дээрэмдсэн хүнтэй уулзахыг санал болгожээ. Гэвч тэрээр ид дээрэм, хулгайн хэргээ хийж байсан тул аль болохоор цагдаа цэргийнхнээс зугтан явдаг байв. Түүнийг амь үрэгдсэнийг сонсоод В.И.Ленин “Манай нийгэмд баян хоосны ялгаа хэт их гарснаас болж хүмүүс бухимдахдаа ийм үйлдэл хийж байна, иймд хувьсгалын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн зартай гэмт хэрэгтнийг өмгөөлөн дуугарчээ. Ленинийг ингэж хэлснээс хойш Л.Пантелеевийн тухай уран зураг, дуу шүлэгт олонтаа дурьджээ.

Дэлхийн Фото түүх групп

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн