Болор хохимойн нууц

2018-06-19 08:301min11
bolor

Дэлхийн төгсгөл ойртож байгааг үзмэрч, зурхайчид нотолж, эрдэмтэн мэргэд үгүйсгэхгүй байгаа ч сүйрэл нь дөхсөн гэх энэ цэнхэр гариг дээр хүн төрөлхтний тайлж амжаагүй зүйл олон байна. Жишээ татахад, эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд Үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор хохимой энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эрдэмтэд одоогоор эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн Үхлийн бурхад Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий. Гэхдээ бас яг ч 13 биш, түүнээс олон хохимой олдсон гэх аж.

1927 онд Төв Америкийн “Болор“ хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын өвс ургамлыг шатаан цэвэрлэсэн байдаг юм. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагүй дүр зураг тодорчээ.

Хуучин хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч ирлээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо. Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод бяцхан охин Аннагаа авч явахаар шийдсэн байна. Энэ бол 1927 оны дөрөвдүгээр сар буюу Анна яг 17 нас хүрсэн жил байлаа.

Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хүний толгойн хэмжээтэй, цэвэр уулын болроор хийсэн хохимой байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв. Гурван сарын дараа Анна хохимой олсон газрын ойролцоогоос гавлын доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжээ. Энэ бол Үхлийн бурхдын анхны олдвор байлаа.

Анна энэхүү гайхамшигт олдвороо шөнө унтахдаа орныхоо толгой дээр тавиад нойрсдог байв. Гэтэл тэр үеэс эхлэн охин шөнөжингөө зүүдэлдэг болж, олон мянган жилийн өмнө амьдарч асан индиан омгийнхний аж төрөл, дайн тулааныг яг кино үзэж байгаа шиг харах болсон аж. Анна өглөө босоод аав болон бусад хүмүүст зүүдэндээ юу харсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Мөн охины зүүд юутай холбоотой болохыг эхлээд хэн ч тааварласангүй.

Таахыг ч оролдох хүн байсангүй. Охин зарим өглөө юу ч зүүдэлсэнгүй гэж хэлнэ. Харин Аннагийн аав охиноо ийнхүү эртний индиан омгийнхний амьдралыг дахин дахин үргэлжлүүлэн зүүдлэх болсонд нэлээд гайхаж байлаа. Гайхаад зогссонгүй Аннагийн зүүд тэрхүү болор хохимойтой холбоотой юм биш биз гэх хардлага яагаад ч юм төрж эхэлсэн байна. Учир нь Анна болор хохимойг орныхоо толгой дээр тавиад хоноход зүүд үргэлжилдэг, өөр газар тавиад хонохоор огт зүүдэлдэггүй тайван амгалан нойрсдог болохыг тогтоожээ.

Аннагийн зүүд яг л олон ангит кино шиг байдаг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна үйл явдал хоорондоо маш нарийн уялдаа холбоотой өрнөнө.Түүний зүүдэнд одоогоос 1000 жилийн өмнө амьдарч асан индианчуудын нэгэн зэрлэг омгийн түүхэнд тэмдэглэгдэж, эрдэмтдийн хараанд өртсөн амьдралаас гадна урьд өмнө огт дуулдаж, сонсогдож байгаагүй үйл явдлууд орж ирдэг болжээ. Энэ үеэс эрдэмтэд охинд анхаарлаа хандуулж, Аннагийн зүүдийг хамт манах болсон аж. Хачирхалтай нь нойрсож байгаа Аннагийн толгойд хохимойг ойртуулахад тэрбээр гэнэт зүүдэлж, холдуулмагц жигд амьсгалан тайвнаар унтаж байжээ.

1960 онд Анна аавыгаа нас барсны дараа болор хохимойг шинжлэх ухааны эрдэмтдийн гарт өгөхөөр шийдэв. Энэ нь оновчтой шийдвэр болсон төдийгүй хохимойг судлах ажилд хамгийн түрүүнд урлаг судлаач Фрэнк Дортланд гэдэг хүн ханцуй шамлан орсон байна. Тэрбээр удалгүй орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор хохимой нь хүний гараар бүтээгдээгүй гэдгийг нотолсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг батлаад өгч. Ингээд эрдэмтэд дахин нарийн судалгаа хийхийн тулд тухайн үед кварц судлалаараа тэргүүлж байсан “Хьюлетт-Паккарт” пүүсийн шинжээчдэд хохимойг хүлээлгэн өгсөн байна.

Гэтэл эрдэмтдийг урьд өмнөхөөсөө илүү цочоосон гэж хэлж болохоор гайхмаар үр дүн гарч эхэлсэн байна. “Хьюлетт-Паккарт” пүүс энэхүү болор хохимой нь Америк тивд анхны хүн суурьшихаас өмнө бүтээгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Мөн болор хохимой олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй гэдгийг батлав. Хамгийн сонирхолтой нь энэхүү хохимой нь 5,13 кг жинтэй,125,4х203.4 мм байсан нь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагүй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ. Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай өгүүлцгээжээ.

Болор хохимойг гэрэлд тавиад харахад цаад талынх нь юмс яг цонхны шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг үзэгддэг гэнэ. Түүнээс гадна энэхүү хамгийн хатуу болроор хийсэн гавлыг чухам ямар багажаар, яаж урлан бүтээснийг “Хьюлетт-Паккарт” пүүсийнхэн тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ энэ гавлыг механик аргаар хийгээгүй, ийм аргаар урлан бүтээхэд лав л 100 орчим жилийн хугацаа шаардах болно гэдгийг судалгаанд оролцсон бүх эрдэмтэн баталсан байна.

Эдүгээ уг хохимой нь Америкийн индианчуудын музейд хадгалагдаж байгаа бөгөөд сонирхсон хэн ч очиж үзэх боломжтой гэнэ. Гэхдээ болор гавал хүн төрөлхтөнд олдсон цорын ганц олдвор биш юм. Тухайлбал эдүгээ эрдэмтэд энэ олдворыг дээр өгүүлсэн эртний индианчуудын үлдээсэн Үхлийн бурхдын хамгийн эхний олдвор гэж үздэг. Харин энэ үеэс хойш олдсон болор хохимойн дийлэнх нь хийц чанараараа Аннагийн олсонтой дүйцсэнгүй.

Гэтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий нэлээд олон эрдэмтэнд гэнэт сонин бодол төрсөн байна. Тэд энэхүү болор хохимойг ямар хүнээс загвар болгон авсан байна вэ гэдгийг тогтоохоор шийджээ. Тэгээд юуны өмнө Аннагийн олсон хохимойг Нью-Йоркийн цагдаагийн газрын криминалистикийн лабораторид өглөө. Гэтэл уг хохимойг эмэгтэй хүний толгойноос загвар болгон авсан байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн үүний дараа бусад улс орнууд ч өөрсдийн олсон болор хохимойнуудаа ээлж дараалан шинжилгээнд хамруулж, эрэгтэй, эмэгтэй аль хүний толгойноос эх авсныг нь тогтоосон байна. Харин зарим эрдэмтэд эдгээр хохимой нь эрт дээр үед манай дэлхийд амьдарч асан харь гаригийн хүний гавал биш биз гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг.

Д.ГАЛ

11 сэтгэгдэлтэй

  • Болд

    2017-07-09 17:27 at 17:27

    Ийм сонирхолтой хийгээд түүхэн мэдээллийг эх сурвалж, музейн холбоос хаягтай нь оруулбал илүү сайнсан, баярлалаа.

    Хариулах

    • үлгэрийн цаг

      2017-07-09 21:49 at 21:49

      Тийм л итгэж сонирхоод бгаан бол өөрөө интэрнэтээс хай, алдарт түүх мөн л бол дороо олдоно. Линк холбоос гэж бэлэнчилж байхаар. Сэтгэлгээгээ ял мангуу минь

      Хариулах

      • Инга

        2017-07-12 21:10 at 21:10

        Үлгэрийн цаг нэртэй хүн гуай. Үнэндээ иймэрхүү сэдвийг сая тутамд нэг хүн л маш нухацтай сонирхож, судалж, эрэлхийлж, үнэн мөннийг тайлах гэж явдаг юм. Одоо цагт иймэрхүү, тэр тусмаа харийнхантай холбоотой сэдвийг хүмүүс хүлээж авах сэтгэхүй болон сэтгэлзүй байхгүй байгаа. Гэвч удахгүй хүн төрлөхтөн жинхэнэ үнэнийг мэдэх болно.

        Хариулах

        • 1

          2018-06-20 09:15 at 09:15

          солойтой хулгайч бэ, монголд тэгээд 3 хүн байдаг юм уу

          Хариулах

  • хэхэ, хийх юмгүй сүг

    2017-07-09 21:46 at 21:46

    Тэнэг үлгэр

    Хариулах

  • ийм байна

    2018-06-19 18:22 at 18:22

    Энэ чинь худал гэдэг нь батлагдчихсан.

    Хариулах

  • Зочин

    2018-06-19 19:00 at 19:00

    нэрийг нь зөв өгдөө. ХОХИМОЙ гэдэг чинь шулсан махгүй яс, хоосон гэсэн утгатай Галаа гавал гэдэг skull гэдгийн монгол нэр нь шүү

    Хариулах

    • Зочин

      2018-06-20 09:54 at 09:54

      gaval gedeg chin erdoo tolgoin deed hesgiin booronii helbertei hesgiig nerledeg. end zovhon gavliin heseg bish buten tolgoin hooson yas uchir hohimoi geh n zov.

      Хариулах

  • Зочин

    2018-06-19 19:09 at 19:09

    Америкийн Индианы хаана байдаг музейд вэ? Миний үзсэн музейд лав байхгүй байна лээ.

    Хариулах

  • зочин

    2018-06-19 19:18 at 19:18

    үлгэрийн юм үлгэрийн л байдаг

    Хариулах

  • zzz

    2018-06-20 00:36 at 00:36

    uher mongol iluudeed bna naad ulgert chini

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй