Өнгөрсөн онд 487 хүүхэд амьгүй төржээ

-Халдварт өвчин хэвлий дэх үрсэд заналхийлсээр байна-

“Ээж ээ” гэж дуудуулах үргүй байх эмэгтэй хүнд ямар их шаналан бэ. Энэ хорвоод хүмүүн заяаг олно гэдэг яасан их завшаан билээ. Анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр догдолж, хүлээсэн хосод харамсалтай явдал тохиолдов. Мэндлэх цагийг нь хуруу даран хүлээсэн бяцхан үр нь энэ хорвоод дуугаа хадаахаасаа ганцхан хоногийн өмнө хэвлийдээ амьсгал хураажээ.

Эрүүл саруул өсөж бойжиж байсан үр нь гэнэт яагаад эндсэнийг эмч нараас асуусан ч тоймтой хариу хэлээгүй аж. ЭХЭМҮТ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхдээ тэрбээр өөртэй нь адилхан зовлон амссан олон эмэгтэй байдгийг мэджээ. Тэнд байсан эмэгтэйчүүдийн олонх хүүхдээ төрүүлэхийг хүссэн ч өсөлт нь зогсож, зүрхний цохилт нь сонсогдохгүй болсон учраас “хүчээр” гаргахаас өөр аргагүйд хүрснээ нулимс дуслуулан ярьцгааж…

Саяхан садангийн минь бүсгүй хоёр ихэр хүүхдээ алдсан юм. Тэрбээр дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд эмчийн хяналтад байж. Дараа сард нь эмчид үзүүлэхийнхээ өмнө ургийн гажиг тодорхойлуулахаар өнгөт ЭХО-д харуултал хүүхдийнх нь зүрх зогсоод цөөнгүй хоносныг дуулгажээ. Сарын өмнө л эрүүл байсан хүүхдийнх нь зүрх зогссон гэдэгт итгэж чадалгүй, өөр хоёр ч эмнэлгийн үүдийг татав. Гэвч адилхан хариу сонссон байна.

“Ямар ч найдвар алга, охин минь. Чи залуу хүн байна. Дахиад хүүхэд төрүүлнэ шүү дээ. Уг нь ихэр хүүхдийн нэг нь амьгүй болсон ч нөгөө нь амьд үлдэх боломжтой. Харамсалтай нь, нэг эсийн ихрүүд учраас хоёулаа амьгүй болжээ” гэсэн эмчийн үг хатуу хэдий ч эвлэрэхээс өөр аргагүй үнэн байв. Тэрбээр “Заримдаа хоёр ихэр минь хэвлийд байгаа мэт л санагдах юм. Тэд минь яагаад амьдралд хөл тавьж чадалгүй буцсаныг эмч нараас асуухад олон шалтгаантай гэж хариулсан. Бидний амьдарч буй орчин, хоол хүнс, ус, хөрсний бохирдол, стресс, янз бүрийн халдварт өвчин нь хүүхэд хэвлийдээ эндэх, өсөлтгүй болох шалтгаан гэнэ лээ. Биеэ эрүүл болгож, TORCH халдварын шинжилгээ өгч байж жирэмслэх төлөвлөгөөтэй байна” гэж ярив.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 487 хүүхэд амьгүй төржээ. Энэ оны эхний таван сард гэхэд 182 хүүхэд амьгүй төрсөн байх юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор цөөн үзүүлэлт хэдий ч нялх үрсээ ийм харамсалтайгаар буцаасаар байх уу. Айл болгонд ийм эмгэнэлтэй явдал тохиолдсоор байхад хариуцсан газрууд нь чимээгүй суусаар л. “Монголын үрс маш олон болтугай” гэсэн тунхгаас өөр төрөлтийг дэмжих, хүн амаа эрүүл байлгахад чиглэсэн дорвитой бодлого, хийж хэрэгжүүлсэн ажил алга.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаагаас тодруулахад “ДЭМБ-ын тодорхойлсноор жирэмсний 28 долоо хоногтой, 1000 гр жинтэй ургийн зүрх нь цохилохгүй, булчингийн хариу үйлдэлгүй төрөхийг амьгүй төрөлт гэдэг. Дэлхий дээр жилд 2.6 сая амьгүй төрөлт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. Амьгүй төрөлтөд нөлөөлж буй таван шалтгаан байдаг. Эхийн архаг хууч өвчин урагт нөлөөлдөг. Жирэмсэн эмэгтэй даралт ихсэх, чихрийн шижин зэрэг архаг өвчтэй байж болох юм.

Ургийн өсөлт саарах хам шинж гэж бий. Гаж хөгжил, эх доторх ургийн халдвараас энэ нь шалтгаалдаг. Өнгөрсөн оны статистик мэдээнээс харахад манай улсын 1000 амьд төрөлтөд 6.2 амьгүй төрөлт бүртгэгдэж байна. Бэлгийн замын халдварт өвчин ихэссэн нь өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлтөд бас нөлөөлдөг.

Тиймээс Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр баталж, тодорхой ажил хийж байна. Мөн “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулж, төрөлхийн тэмбүү өвчнийг бууруулах, амьгүй төрөлтөөс сэргийлэх хоёр гол зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Дээр дурдсан TORCH халдварын талаар хөгжилтэй орны хүн ам өргөн мэдлэгтэй байдаг аж. Харин манай улсад хэдэн жилийн өмнөөс л уг халдварын шинжилгээг хийж эхэлсэн байна. Зулбалт, өсөлтгүй жирэмсэн, ургийн бүх төрлийн гажиг, эндэгдэлд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч ургийн халдвар хамгийн аюултайг судлаачид тогтоожээ.

Тиймээс ургийн халдварыг илрүүлэх нь чухал. TORCH халдвар гэдэг нь таван үсгийн товчлол юм. Тодруулбал, Т буюу токсоплазм, О буюу бусад (тэмбүү, гепапит В вирус, ХДХВ, парвовирус В 19 гэх мэт эхээс урагт дамжих халдвар), R буюу улаанууд, С буюу цитомегаловирус, H херпис симплекс вирус аж. Эдгээр вирусийн халдвар буй, эсэхийг шинжилгээ өгч мэдэх бболон вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатайг эмч нар хэлж байна.

Аав, ээждээ аз жаргал бэлэглэхээр ирж буй сахиусан тэнгэрүүдийг минь замаас нь буцаасаар байгаа халдварт өвчний талаар ЭХЭМҮТ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ч.Мөнхбаяраас тодруулахад “Ураг эхийн хэвлийдээ эндэж байгаа нь нийгмийн том асуудал болсон. Амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт хүйтэн сэрүүний улиралд болон хавар агаар солигдох үед ихсэж байна.

Үүний үндсэн шалтгаан нь халдвар. Халдвар гэхээр ганц бэлгийн замынх гэж ойлгож болохгүй. Агаар дусал, амьсгал, хоол боловсруулах, бөөр, шээсний замын халдвар ургийн гаж хөгжилд нөлөөлдөг. Мөн илэрхий гаж нөлөөтэй халдвар гэж бий. Эхийн биед архаг хэлбэрээр байсан халдвар жирэмсэн болонгуут сэдэрдэг. Өндгөн эс маш тэжээлтэй учраас нян, вирус амархан үрждэг.

Агаар дусал, шүлс, хоол хүнсээр вирус дамжин үржих аюултай. Тиймээс нэг удаагийн аяга, халбага хэрэглэж, гар, ам, хамраа сайтар угааж, бэлгийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Олон нийтийн газраар явахдаа жирэмсэн эмэгтэй амны хаалт зүүх нь чухал. Өсвөр насны охидыг энхрийлж үнсэхдээ хүртэл уруул, хацар дээр бус, үсийг нь үнэрлэх нь зөв.

Энэ нь шүлсээр дамжих халдвараас сэргийлж буй хэрэг. Урагт хамгийн аюултай, халдвар үүсгэдэг цитомегаловирус нь шүлсээр дамжин халдварладаг. Ураг бүрэлдэн тогтонгуут эхийн цусан дотор байсан цитомегаловирус тэжээлтэй орчинд үржиж, ургийг гажиг хөгжилтэй болгодог. Тиймээс TORCH халдварын шинжилгээ өгөх хэрэгтэй. Урвалж нь үнэтэй учраас уг шинжилгээг цөөхөн газар л хийж байгаа” гэв.

Мөн тэрбээр “Эх эрүүл бол дахин жирэмслэхэд ямар ч эрсдэлгүй. Гэхдээ өмнө нь амьгүй төрж байсан бол халдварын ямар нэг эрсдэл байгаа гэж үзнэ. Тиймээс шинжилгээ өгч, шалтгаанаа тодруулж, дархлаагаа сайжруулан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн эхэс захаараа байрласнаас ховхорч, ураг амьгүй болох тохиолдол гардаг. Ураг хүйгээ чанга ороогоод эхсээ ховхолсноор амьгүй болох нь ч бий” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн Эмгэг судлалын тасагт ийм шалтгаанаар жилд 400 гаруй эмэгтэй ханддаг гэнэ. Элдэв вирус тархсан эрин зуунд амьдарч буй учраас аль болох ахуйн ариун цэврээ сайн сахих хэрэгтэйг эмч нар зөвлөв. Утаа, эрс тэс уур амьсгал, ядуурал, эрүүл мэндийн боловсролгүй байдал, элдэв халдварт өвчин зэрэг нь эцэстээ бидний урагт заналхийлж, удам судрыг минь тасалсаар байна. Харин бид яах ёстойг дараагийн сурвалжилгаараа хүргэх болно.

Эх сурвалж: Х:БОЛОРТУЯА

today-1-300x61 Өнгөрсөн онд 487 хүүхэд амьгүй төржээ

Түлхүүр үг:

1 сэтгэгдэл

  1. Ene virusiig yaaj emchileh talaar oruulj ugch tus bolooch nadad yg iim zuil tohioldood bgaa husen huleesen ur min gedsen dotroo zurh ni tsohilhoo boliood 10 aad honson bsan unheer hitcuu yum bnle unheer ih haramsaj uurtuu gutarch bgaa yaagaad huuhdee hamgaalj chadsangui ve gej buur udur bur bodoj gomdoj shanlaj bga

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.