Хэл сурахын тоогоор ертөнцийг харах цонх нээгддэг

Энэ хүнийг уншигч, оюунлаг монголчууд андахгүй. Дийлэнх нь “Чонон сүлд” романы орчуулагч гэдгээр нь танина. Түүний залуу нас, оюуны чадал дэлхийн номын ертөнцөд аялсаар ирсэн. Түүгээрээ ч монгол уншигчдын оюуны “талх” -ыг бэлдсээр явна.

-Олон улсын номын үзэсгэлэнд жил бүхэн таныг оролцдог гэж сонссон. Энэ жил Тайваньд болсон үзэсгэлэнгийн сонин сайхан нь юу байв?

-Дэлхийн хэмжээний номын үзэсгэлэн гэхээр их сайхан сонсогдох юм. Дэлхийн зах зээл дээр ном бол соёлын маш том бүтээгдэхүүн. Тийм учраас олон улсын томоохон хэвлэлийн компаниуд номын үзэсгэлэн худалдааг алгасахаа байчихсан байна. Манайх “Гэгээ паблишинг” гээд хэвлэлийн компанитай. Би энэ компанийнхаа шугамаар Тайваньд болсон олон улсын үзэсгэлэн худалдааг үзэж танилцаад ирлээ. Ирэхдээ цөөнгүй хэдэн ном авч ирсэн шүү.

-Удахгүй манай уншигчдын хүртээл болох уу?

Санаа бол байна. Гэхдээ энүүхэндээ хэлэхэд орчуулах гэж буй номоо тийм ном гээд зарлачихлаар бие биенээсээ өрсөх зах зээлийн хууль үйлчлэх учраас энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Уншигчдын оюуныг ямар ном бүтээл баясгах бол гэж дэлхийн номын үзэсгэлэнгээс наашаа бодсоор л явна. Та цөөнгүй ном орчуулж, Бэстселлэр болгосон.


-Ном бол нэг төрлийн бизнес гэдэгтэй санал нийлэх үү?

Ном бол оюуны бүтээл бөгөөд цаашилвал эдийн засагт чамлахааргүй нөлөөлөх чадвартай. Олон улсын номын зах зээлд америкчууд тэргүүлдэг. Тухайн улсын эдийн засагт соёлын бүтээгдэхүүн нь хэр жин эзэлж байгаагаар улсынх нь хөгжлийг хэмждэг цаг ирсэн.

Энэ үзүүлэлтээр харвал эдийн засгийнх нь 28 хувийг оюуны, соёлын салбар бүрдүүлж байгаагаараа Япон улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Хоёрдугаарт 21 хувь эзэлсэн соёлын бүтээгдэхүүнтэй Америк ордог. Холливуд гэхэд жилийн 100 тэрбум ам.долларын эргэлттэй. Дээр нь мэргэжлийн сагсан бөмбөг нь үүнээс дутахгүй орлого олдог. Манай улсын төсөв хэд билээ. Ингээд бодохоор соёл, оюуны салбар эдийн засагт бүрэн ноёлох боломжтой.

-Таны бодлоор манай улс соёлын үйлдвэрлэлийн хаана нь, юу хийж явна вэ?

-Өмнөх засгийн газруудын үед cultural industry гэдгийг соёлын үйлдвэр гээд орчуулчихсан шүү дээ. Уг нь бол үйлдвэр биш, үйлдвэрлэл юм л даа. Нэр томъёогоо буруу орчуулаад эхлэхээр цаад бодлого боловсруулах ажил нь хаашааа явах нь ойлгомжтой.

Үнэндээ бол манайд соёлын бодлогыг хариуцах байгууллага нь ч тодорхой бус. Ний нуугүй хэлэхэд монгол соёлоо, монголоо гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн уран бүтээлчийн нуруун дээр энэ ачаа яваа гэхэд хилсдэхгүй.

-Таны үндсэн мэргэжил орчуулагч уу. Хоёроос гурван хэл мэддэг гэж сонссон?

-Тийм ээ. МУИС төгссөн диплом дээр маань хятад судлаач-орчуулагч гэж бичсэн байдаг. Оюутан байхдаа ганц хэлээ л сайн сурчихвал болно доо гэж боддог байлаа. Гэтэл хятад хэлээ овоо сураад эхэлсэн чинь япон сэтгэлд багтаад эхэлсэн. Япон ханзыг яг хятад ханз шигээ уншаад эхэлж байх жишээтэй. Дээр нь миний үед чинь орос хэлгүй бол хэн ч биш байлаа.

Бас англи хэлтэй болох шаардлага гарч ирсэн. Гэхдээ олон хэл гэдэг ганган хүний зүүж гайхуулдаг гархи чимэг биш гэдгийг онцолмоор байна. Тиймээс нэг хэлээ маш сайн сураад бусад хэлийг гадаадынхантай ойлголцох хэмжээнд сураад явчихад болох юм шиг санагддаг.

Сайн орчуулагч болохын тулд эхлээд монголоороо их өргөн унших хэрэгтэй. Тэр дундаа 1990-ээд оны өмнөх монголын уран зохиолыг сайн унш. Манай багшийн багш Б.Ринчен гуайн “Үүрийн туяа”, “Мөнгөн ноён” хоёр романыг давын өмнө уншихад зүгээр. Ринчен гуай өөрөө “Мөнгөн ноён”-гоо орчуулгын төгс бүтээл болсон гэж үнэлдэг байсан юм гэнэ лээ.

За тэгээд монголынхоо зохиол бүтээлүүдийн хойноос өөрийнхөө сонирхон судалж байгаа тухайн хэл дээрээ өргөн уншлага хийх хэрэгтэй. Би яг л энэ жишгээр явж ирсэн.

-Орчуулах номоо ямар шалгуураар яаж сонгодог вэ?

Сайн номыг хайгаад хэрэггүй юм л даа. Өнөөдөр Япон, Солонгос, Америк, Хятад гээд дэлхий дахины оюунлаг хүмүүс бүгдээрээ сайн номыг хайцгааж байна. Харин би орчуулагчийн хувьд тэдгээр номыг сайн орчуулж, монгол уншигчид хүргэх үүрэгтэй.

Тиймээс туйлын сайн зохиол олох юмсан гэж эрж хайж, шаналах шаардлагагүй. Дэлхий даяар сайн номууд зөндөө байна. Тэдгээрийг л сайн орчуулах хэрэгтэй. Орчуулга бол миний амьдрах хэрэгсэл. Би орчуулагчаас гадна гадаад хэлний багш. Багшлах чинь хүнд хөдөлмөр учраас ядарна. Харин орчуулгаа хийгээд суухаар нэг сайхан амарсан мэт болдог.

-Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Та номын хүн. Өнөөгийн ертөнц танд яг ямар цонхоор харагддаг вэ?

-Миний насан дээр гадаад ертөнцийг биш, өөрийнхөө ертөнцийг илүүтэй хардаг. Саяхан би нэг сонин ном олж уншлаа. Гадагшаа хардаг хүн бол жирийн хүн байдаг. Харин дотогшоогоо харж, сэтгэл рүүгээ өнгийдөг хүн хутагтын хэв шинжийг олсон хүн юм гэж. Хүн гадаад ертөнцийг өөрчилж чадахгүй. Харин хүн сэтгэл санаагаа өөрчилж чадна.

Гадаад царай зүсийг өөрчлөхгүй ч хэн бүхний чадах ганц юм бол царайдаа чин сэтгэлээсээ мишээл тодруулж чадна гэж хэлэх би дуртай.

-Та гар утас хэрэглэдэггүй. Гэхдээ фэйсбүүкийг бол ашигладаг. Таны бодлоор хүмүүс бид хоёр үзүүртэй хутга шиг эдгээр хэрэгслүүдийн алиныг нь хэрхэн, яаж ашиглах ёстой юм бэ?

-Би гар утсыг бүр анх гарсан цагаас нь л хэрэглээгүй. Хүмүүс маш их гайхаж “Чи одоо нэг утастай болох болоогүй юү” гэж хэлцгээдэг байлаа. Одоо харин тэдгээр хүмүүсийн дийлэнх нь “Чам шиг болчих юм сан. Яасан сайхан юм” гэж надад атаархдаг болчихож. Фэйсбүүкийг ч гэсэн хаачихдаг юм уу гэж нэг бодож үзсэн боловч би энэ хэрэгслийг ашиглаад хүмүүст өөрийнхөө уран бүтээлийг танилцуулаад, хэрэглээд сурчихсан.

Өөрийн чинь хэлдэг хоёр үзүүртэй хутга гэдэг үнэн. Нийгмийн сүлжээг хэрэгтэй үедээ орж хэрэглэчихээд, хэрэггүй үедээ гараад явчихаж сурмаар байгаа юм. Цахим хэрэглээ бол хоёр иртэй хутга гэж их үнэн. Хутгаар хоол хийж болно. Харин хуруу гараа зүсэхэд ашиглаж болохгүй шүү дээ.

-Монголчууд оюуны спортоор дэлхийг шуугиулж байна. Дээр нь Гүүгл, Майкрософтод ажиллаж байна. Гэтэл улс орон нь ядуу байгаад байх юм?

-Тэр Гүүгл, Майкрософтод ажиллах бол үнэхээр бахархалтай. Харин оюуны спортын тухайд би төдийлөн таашаахгүй байгаа. Хүүхдийг оюун ухаанаар нь хооронд нь хэт их уралдуулах тийм ч зөв арга биш. Миний бодлоор хүүхэд хүүхдээрээ байх ёстой. Насанд нь тохирсон тоглоом, насанд нь таарсан киногоо үзэх ёстой болов уу.

-Та сэтгэл тогтох гэж их ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол миний хамгийн их ярьдаг сэдэв. Сэтгэл тогтох талаар зааж, сургаж байгаа сургууль, цэцэрлэг алга. Бүр эцэг эх ч байхгүй байх. Би Боловсролын сайдад үүнийг ярих гээд очиход өөдөөс “Би засгийн газрын хуралтай. Таван минутад багтаагаад юмаа яриарай” гэдэг.

Би яаж тавхан минутад багтааж бүх юмаа ойлгуулах вэ дээ. Би нэг их мундагтаа үүнийг яриад байгаа юм биш. Сэтгэлээ тогтоох ухааныг бид өвөг дээдсээсээ өвлөж үлдсэн юм. Биеэ засах, гэрээ засах, төрөө засах, эрдэм сурах гээд дөрвөн чухал зүйл бий. Энэ дөрвөн чухал зүйлийн маань оньс нь сэтгэл тогтох юм.

Сэтгэл тогтохгүйгээр эрдэм ном сурна гэж байхгүй. Өвөг дээдэс маань морь сайн унаж, сэлэм эргүүлж чаддагтаа дэлхийг эзэлж яваагүй. Ийм чадвараас гадна сэтгэл оюунаа маш сайн захиран ажиллуулж чаддагт гол нууц нь байсан байх гэж боддог.Үүнийг батлах зүйл бол "Монголын нууц товчоо".

-Төрийн сайд нь хүртэл таныг тогтож сонсож чадахгүй байхыг бодоход нээрээ манай нийгэм тогтоогүй сэтгэл зүйтэй юм уу даа?

-Өрнөдийн нэг том ламын өөд болохдоо хэлсэн үг байдаг. Би 20-тойдоо дэлхийг өөрчилье гэж боддог байлаа. 30-тайдаа улс орноо өөрчилье гэж мөрөөддөг байсан. 40-тэйдээ шашны шинэтгэл хийж гэж хүссэн. 50-тайдаа харин сүм хийдээ өөд нь татъя гэж бодсон. Одоо жар хүрээд үхэх гэж байхдаа өөрийгөө өөрчлөх минь яалаа даа гэж харамсаж сууна. гэж Би юу хэлэх гээд байна вэ гэвэл Чингис хаан шиг нэг агуу удирдагч гарч ирээд ард түмний сэтгэлийг тогтооно гэвэл тэр нь шиг худлаа юм байхгүй. Хүн өөрийгөө өөрчилнө гэдэг чинь л сэтгэлээ тогтоохыг хэлж байгаа юм.

-Хүн сэтгэлээ тогтоохын тулд тэгээд яах ёстой юм бэ?

-“Гэгээ” сургалтын төв дээр яг ямар зорилготой хүмүүс ирдэг юм бэ. Хэл сурах уу. Хэрэв тийм бол хэл сураад яг яах гэж байгаан гэдэг асуулт гарч ирнэ дээ? Сүүлийн үед дунд насныхан ирээд сайн суралцаж байгаад баяртай байна. Хятад хэлний тухайд адгийн наад зах нь наймаа хийдэг хүн түнштэйгээ орчуулагчгүйгээр ойлголцоод эхэлнэ гэсэн үг л дээ.

Горький хэлсэн. Хүн нэг хэл сурах юм бол ертөнцийг нэг цонхоор, хоёр хэл сурвал хоёр цонхоор харж байгаатай адилхан гэж. Та бол монголын оюунлаг хүмүүсийн томоохон төлөөлөл. Залуу үедээ хандаад юуг хэлмээр байдаг вэ? Би хүүхэд залуустаа хандаж дэлхийн тэргүүн баян Билл Гэйтс, эсвэл Жэк Ма бүх хөрөнгөө өгөөд чиний залуу насыг худалдаж авъя гэвэл чи яах уу гэж асуумаар байна.

Тэд чадахгүй. Тиймээс Билл Гэйтс, Жэк Ма хоёр чамаас ядуу хүмүүс шүү дээ гэж хэлмээр байна. Чамд асар их боломж байна залуу минь.

-Залуус амьдралын ухаан, шинжлэх ухааны ухаан хоёрыг амьдралдаа хэрхэн сүлэлдүүлж, хэрэглэхээ сайн мэдэхгүй явдаг юм шиг?

-Манай сургуулиудад шинжлэх ухааны мэдлэг голчлон заагаад байна. Гэхдээ дандаа хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн мэдлэг. Орчин үед хүүхэд өөрөө Гүүглээс хайгаад уншчих юмыг багш самбар дээр мянга заагаад хэрэг байна уу. Тэгсэн мөртлөө амьдрал дээр яаж хөлөө олохыг заадаг болоосой гэж би бодож явдаг.

Японы бага сургуульд ерөнхий эрдмийн мэдлэг арав гаруйхан хувийг эзэлж, үлдсэн цагт нь дан зөв амьдрах талаар зааж байна. Тэгвэл оюун ухааны хэмжүүр нь юу юм бэ.

-Хүн оюун ухаанаа юунд зарцуулах ёстой вэ?

-Орчлон хорвоо гадагшаагаа ч дотогшоогоо ч хязгааргүй. Хүний оюун ухаан үүнтэй адил. Нэг залуу чиний наад асуултыг чинь их ухаантай нэгэн даяанч ламаас асуужээ. Даяанч “Чи юунаас ч битгий ай. Өчүүхэн жижиг айдсыг бүү ургуулан бод” гэж хэлсэн байдаг.

Хүн амьдралд нь хэзээ ч тохиолдохгүй хоосон зүйлсээс айж, тэр айдсаа ургуулан бодож насыг бардаг гэх. Өнөөх залуу даяанчийн хэлснийг бодож, хэрэгжүүлж явсаар 20 жилийн дараа уулзахаар иртэл даяанч жанч халсан байж. Жанч хална гэдэг нь Нирваан дүрийг олсон гэсэн үг шүү дээ.

Гэхдээ даяанчийн шавь, залууд багшийнхаа захиаг дамжуулж өгч л дээ. Захидлыг задалж үзтэл “Харамсахгүй” гэсэн ганцхан үг байсан гэдэг. Энэ бол хүн хоосон айдсаа дарж, харамсах юмгүй зөв сайхан зам мөрөөр явж, амьдралаа өнгөрүүлэх ёстой гэсэн үг л дээ.

-Та оюуны ертөнцөд залуу нас, хүч чадлаа өгсөндөө баярлаж бахархдаг уу, эсвэл харамсалтай санагдах үе байдаг уу?

-Би Доржзодов судрыг шүтэж, дээдэлж явдаг. Энэ сударт нас, өвчин, амь гурвыг битгий бод. Энэ бол хүний санаанаас үүдсэн хоосон тоо гэж үздэг. Гэхдээ энэ хэтэрхий гүнзгий сэдэв учраас хоёулаа ингэсгээд орхичихвол дээр байх аа.

-Тэгвэл та гучин насаар залуу байсан бол юу хийх байсан бэ?

-Манай нэг шавь хэдэн жилийн өмнө “ Хятадын гоо сайхны нэг бэлдмэл байдаг гэнэ. Тэрийг уучих юм бол бараг арваад насаар залуу харагддаг гэнэ. Би танд авч өгье” гэж билээ. Би хариуд нь “Үгүй ээ чи намайг тэгж баллаж яах гэсэн юм. Би өөрөөрөө баймаар байна” гэж хариулсан юм.

Байгалийн жам гэдэг чинь асар том хүрд эргэлдэж байгаа хэрэг л дээ. Тэр том хүрд рүү бул чулуу шидээд хөдөлгөөнийг нь үл ялиг гацааж болох юм. Гэвч удаан тэгж чадахгүй. Аливаа юм жамаараа л явах ёстой. Тэгээд ч хүний хамгийн сайхан үе өтөл нас гэж би одоо бодож байна. Дорнын ухаанд өтөл насыг намартай зүйрлэдэг. Хавар бол үрээ суулгана.

Зун нь хөлс хүчээ урсгаж хөдөлмөрлөнө. Тэгээд намар нь үр шимийг нь амсаад тайван амгалан суухтай зүйрлэж байгаа юм. Зөв амьдрах, зөв үхэх гэдэг том урлаг юм шүү. Манай өвөг дээдэс эртнээс зөв сайхан үхэж чаддаг байжээ. Аливаа юм үе үедээ л сайхан. Хүүхэд байх аз жаргалтай. Залуу байх сайхан. Залуу насандаа эрч хүчтэй хийж бүтээгээд насны эцэст үр шимийг нь амсах сайхан. Үхэл-амьдрал, өтлөх-залуу гэдэг бол нэг юмны хоёр тал юм. Тэгээд ч үхэл гэдэг чинь шинэ зүйлийн эхлэл.

Эх сурвалж: "Тусгал" мэргэжлийн цахим сонин

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.