Дэлхийн хамгийн том сошиал сүжээ болох Фэйсбүүк 2018 оны эхний гурван сард 583 сая хуурамч хэрэглэгчийн акаунтыг устгасан тухайгаа өчигдөр мэдэгджээ. Энэ нь тус компанийн сэкс, хүчирхийлэл, терроризм, үзэн ядалтын агуулгатай тэмцэж байгаа ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил гэнэ.

Үүнээс гадна өдөр бүр хуурамч акаунт үүсгэх гэсэн олон сая оролдлогыг хориглодог болсноо Фэйсбүүк бас мэдээлсэн байна. Хэдийгээр эдгээр арга хэмжээнүүдийг авсан ч идэвхтэй акаунтуудын 3-4 хувьтай тэнцэх тооны хуурамч акаунт сүлжээнд нь ажилласаар байгааг хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Фэйсбүүк спам агуулгуудыг бараг 100 хувь илрүүлэн устгаж, 837 сая спам постыг арилгасан байна.

Уг ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигласнаар хүчирхийлэл агуулсан 3.4 сая пост илрүүлж чадсан нь 2017 оны сүүлийн улирлынхаас бараг гурав дахин өссөн үзүүлэлт гэжээ. Ингэхдээ хориотой материалын 85.6 хувийг бусад хэрэглэгчид Фэйсбүүкэд хандаж мэдэгдэхээс өмнө өөрөө илрүүлж чадсан байна. Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг буруугаар ашиглаж байсан 200 орчим аппликэшнийг системээсээ устгасныг урд өдөр нь мэдээлж байв.

Фэйсбүүкийн тайланд “Нэг үгээр хэлбэл манай сүлжээн дэх 10,000 контент хандалт тутамд 22-27 ширхэг хориотой агуулга бүртгэгдэж байна” гэжээ. Фэйсбүүкийн глобал бодлого, зохицуулалтын захирал Моника Бикет тус компани агуулгад хяналт тавих ажилчдын тоогоо энэ онд 3,000-аар нэмэгдүүлж, 7,500-д хүргэх амлалтаа хэрэгжүүлж байгааг дээрх тайланд бас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFP

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн