“Үндэсний Эвсэл”-ээс Хөвсгөл, Орхон, Булганд нэр дэвшигч, Улс төрийн ухааны доктор Э.Саранцэцэг.

Аливаа цаг үе залуусаа бэлтгэж, судалгаа, шинжилгээ, нотолгоо гаргах чадварт суралцуулаад, нийгэмд таниулахаар илгээдэг. 

2021 онд Сүнгшил Их сургуульд “Монголын сонгогчдын үйл байдалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдвээр судалгааны ажил бичиж, Улс төрийн ухааны доктор(Ph.D)-ын зэргийг БНСУ-дхамгаалжээ. Улс төр судлаач, багш мэргэжилтэй нэгэн байна.

Ойрын өдрүүдэд унших юм их ч юм шиг, бүүр их ч юм шиг. Задалж, харж, цаашдаа монголын нийгэмд хэн нь хэрэгтэй вэ? Манай улсын нийгмийн хөгжил, улс төрийн амьдралд хэний хэн нь ямар шалгуур, шаардлагыг хангаж байна гэж ухаарч уншихад залуустаа итгэл илгээе гэсэн олон уншигч тааралдлаа.

Улс төр судлаачдын дуу хоолой, сэтгүүлчдийн дуу хоолойг давж нийгэмд цэгцтэй, шинжлэх ухаанч нийтлэл, эргэцүүлэл, орчин цагийн судалгаа шинжилгээний дүнг хүргэж чаддаггүйгээс улс төрийн намууд ч, улс төрчид ч хаашаа, ямар үзэл бодол, үйл хөдлөл үүтгээд, түүний эцсийн үр дүн юу болсныг хожим хойно бүүр сүүлд хэдхэн хуульч, сэтгэл зүйч, сэтгүүл зүйчид хэлээд ч сонсож байгаа юм алаг шахуу олон он жилийг бид үдэж, туулж явна даа.

Залуус олон оронд явж ажиллаж амьдарч, эрдэм ухаанаас нь суралцаад, өөрийн төрөлх сайхан монгол орондоо ажиллахаар ирж буй нь чухам бидний олон жил тунхаг болгон дуулж, сэтгэлдээ тээж явсан “Хүний хүү эрдэм сураад ирнэ ээ” гэдэг сайхан сургааль мэт дуулал маань одоо хэрэгжих хэрэгцээ нь ч байна. Гадаад, дотоодод мэргэшээд, Америк, Австрали, Япон, Герман, Солонгос зэрэг хөгжлөөр тэргүүлэгч оронд ажиллангаа сураад ирсэн олон залуу эрдэмтдийн нэг нь Булганы бүсгүй Энх-Амгалангийн Саранцэцэг юм.

Хэнд сурсан сайн зүйл байх аваас эх орондоо, элгэн түмэндээ зориулах нь, зориулахаар зориглох нь өнөө цагийн залуу эмэгтэй, залуу эрдэмтэн хүний хувьд бахархмаар ч, бас амаргүй ажилд зүтгэж буйд нь дэмжмээр, хэцүү дээ гэж улс төрийн тогооны бухимдал, хийрхэл, атаа, жөтөөг уншиж суугаа ахмад, дунд, залуус ч  эмзэглэж сууна.

Улс төрийн тогоо амаргүй ч, улс монголынхоо төлөө зорьж яваа зоригийг мохоочихгүй дэмжих цаг тулж иржээ. Эмэгтэй хүүхэд шүү дээ. Сонгогчдын тал нь эмэгтэй гэвэл ийм, ямар нэг хар толбогүй, номтой даруугаа дэмжээд гаргаасай. Од олны танил биш, яг бидний ярьж хөөрч, эмзэглэж байдаг улс төрийг судласан хүн. Яагаад наймын найман хүнийг сонгох сонгуульдаа Энх-Амгалангийн Саранцэцэгийг дэмжээд багтаачихдаггүй юм бол гэж бодож сууна. Аль нэг том намаас дэвшээгүй. “Үндэсний эвсэл”гэдгээс дэвшиж байна. “Үндэсний Эвсэл” гэдгээс нэр дэвшигч нь ямар нэг намын харьяалалгүй, жирийн нэг иргэн байж болдог.

Тэрээр багаасаа л их мэрийлттэй охин байлаа. Хүүхэд гадаа тоглож байхад айлын том хүүхдийн хувьд түлээгээ хөрөөдөж, дүү нарынхаа хичээлийг хийлгэж, үгэнд орооч гэж бухимдаж, ингээд хий гэж шахдаг ажилсаг, шаргуу эгч байсан. Гурван охин дүү нь ч сайн сурагч, сайн оюутнууд болсон. Том эгчийн дагуулан гүйсэн уралдааны зам шиг амьдралд хөдөөний охин бүх дүү нараа сургаж чадсан. Дөрвөн охинтой айлын том байна гэдэг заримдаа дандаа эгч байгаад байж болдоггүй, хааяа ахын дүрд ч хувирах хэрэг гардагыг хэлэх хэрэгтэй.

Энх-Амгалангийн Саранцэцэг нэгдүгээр ангид намар ороод, хавар хоёрдугаар ангийг нэг хичээлийн жилд төгссөн. Мөн түүн шигээ найм дугаар ангид мэрийсээр тэр хавраа есдүгээр ангиа дүүргэж, дараа жил нь буюу 16 насандаа 10 дугаар ангиа төгссөн охин юм.

МУИС-ийн Улс төр судлалын ангид элсэн орж, 2010 онд Улс төр судлалын бакалавр, 2012 онд Улс төрийн ухааны Магистрын зэрэг хамгаалсан. Чиглэсэн зорилготой, судлах сэдэвтэй хүн улам цааш явахыг хичээдэг нь манай сургуулийн багш нарын олгосон хүмүүжил, эрдэмтэн олон багш нараасаа сурсан эрхэм чанар юм. Шинжлэх ухаанд судлаад дуусах өдөр гэж үгүй. 

Улам лавшруулан судалж, бодох, бусад орны олон эрдэмтдийн хичээл, ном, зохиол бүтээлийг үзэж, тунгаах нь түүний хүсэл байсан тул  БНСУ-ын докторантурт сурахаар явжээ.

Ажиллаж, амьдрах, өдрийн хоолоо олж идэх, сургуульдаа ойр байр, ажилдаа ойр буудал гээд олон татлаатай амьдралаа зохицуулсаар Солонгост очиж ажиллаж, сурсан зорилгоо биелүүлсэн. Манай монголчууд Солонгост хувийн зардлаараа сурах, дээр нь ажиллах мөнгөө өөрөө олох гэдгийн хүндийг мэднэ дээ. Монголчууд бид хүний нутагт ажиллахын амтыг мэднэ. Гүрийлгэнэ шүү дээ, бас л. Аав, ээж нь Могодын сумын төв дээрээ амьдардаг. Сумаас өргөсөн сүүн цацал л охиныг нь ивээн тэтгэж гадаад дахь оюутны амьдралыг давуулсан байж таараа. Гэхдээ түүнд хотынхон шиг эрх танхи зан байхгүй. Ямар ч ажил хийсэн түүртэхгүй, нялцайхгүй шүү дээ. Ажил хийхээс хойш суудаг амьдрал хөдөө суманд байдаггүй л байхгүй юу.

Ийнхүү 2021 онд  БНСУ-ын Сүнгшил Их сургуульд “Монголын сонгогчдын үйл байдалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдвээр судалгааны ажил хийж, Улс төрийн ухааны доктор (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан байна.

Тэрээр, Улсын их сургуулийг дөнгөж төгсөөд 2010 оны 9 дүгээр сараас МУИС-ийн Худалдаа Үйлдвэрлэлийн сургуулийн Санхүүгийн тэнхимээс ажлын гараагаа эхэлж байв. 

Э.Саранцэцэг хэзээний их л идэвх, зүтгэлтэй хүн дээ. 

Түүний эзэмшсэн мэргэжил, ажиллаж байсан Хууль зүйн үндэсний хүрээлэн бол одоогийн хийгээд ирээдүйн монголын нийгмийн өнгийн тодорхойлоход гол оролцоотой, судалгаа хийдэг газар. Хуулийг хэрхэн яаж бичих вэ? талаар судалж, танилцуулдаг үүрэгтэй хүрээлэн. Таны сонгосон нэгэн даруухан, зөөлөн, мэдлэгтэй, гол нь зүтгэлтэй, аль нэг намыг дагаж, элдэв хаяг зүүгээгүй ийм нэг эмэгтэй УИХ-ын гишүүн болчихоод таныг төлөөлөөд зурагтаар гараасай. Болохгүй юмыг часхийтэл хэлнэ дээ, харин ч.

Эрдэм мэдлэгтэй эмэгтэй эрх зүйн соёл түгээх бүрэн боломжтой гэдгийг сонгогч та нэг харуулаад өгөөрэй. Түүнийг Энх-Амгалангийн Саранцэцэг гэдэг.Гэрэлтэх эмэгтэй. “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигч Энх-Амгалангийн Саранцэцэг шүү. 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хуульч, яруу найрагч Сүрэнгийн Оюунчимэг

Эх сурвалж: https://eguur.mn/507277/

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн