Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас энэ онд Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Дарви, Шарга сумдад хөв цөөрөм байгуулах боломжтой газруудыг тогтоожээ.
Үүнээс Дарви сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газрыг сонгож, хөв цөөрөм байгуулсан болохыг БОАЖЯ-наас мэдээллээ.
Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2.5м, хярын өргөн 3.5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0.7м байна. Хөв цөөрөм нь мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэжээ.
Ташрамд дурдахад өнгөрсөн сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөмтэй болсон юм.