2030 оны эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ (дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)-ийг гурван тивийн зургаан улс хамтран зохион байгуулахаар болсныг өчигдөр FIFA зарлалаа.
Уругвайд болсон анхны ДАШТ-ий 100 жилийн ойтой давхцах энэ тэмцээн ийнхүү урьд өмнө байгаагүй өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагдах болж байна.
Анх 2030 оны тэмцээнийг Испани, Португал улсууд хамтран зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж байсан юм. Энэ оны эхээр тэд Умард Африкийн Марокко улсыг хамтран зохион байгуулагчаар нэмж байв.
Харин өчигдөр FIFA бусад нэр дэвшигчид болох Өмнөд Америкийн Аргентин, Парагвай, Уругвай улсуудыг нэмж, өөр өрсөлдөгч үлдээхгүйгээр хамтран зохион байгуулах санал гаргасныг тивүүдийн холбоод дэмжжээ.
Нээлтийн тоглолтыг 1930 оны анхны ДАШТ-ий шигшээ тоглолт болж байсан Уругвай улсын нийслэл Монтевидео хотын Сентенарио стадионд зохион байгуулахаар болсон байна.
Дээрх зургаан улсын үндэсний шигшээ багууд ДАШТ-д оролцох 48 багийн бүрэлдэхүүнд шууд багтах юм.
“Зуун жилийн ойн ДАШТ анх эхэлсэн Өмнөд Америкийн гадна байж болохгүй. 2030 оны тэмцээн анх удаа гурван тив дамнан зохион байгуулагдахаар боллоо” гэж Өмнөд Америк тивийн хөл бөмбөгийн дээд байгууллага CONMEBOL-ийн ерөнхийлөгч Алехандро Домингез мэдэгджээ.
Энэ тохиролцооны дагуу 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг зөвхөн Ази, Номхон далайн бүсийн орнуудад өгөхөөр болсон байна.
Шийдвэр гармагц Саудын Араб улс нэрээ дэвшүүлсэн бол Австрали улс бас өрсөлдөх сонирхлоо илэрхийлжээ. Австрали нь саяхан Шинэ Зеландын хамт эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан юм.
2034 оны тэмцээний зохион байгуулагчийг ирэх оны сүүлээр зарлана. Гэхдээ өрсөлдөөнд сүүлийн үед энэ спортод асар их мөнгө цацах болсон Саудын Араб улс ялах магадлал хамгийн өндөр гэж ажиглагчид үзэж байна.
2030 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтууд Өмнөд Америкт зохион байгуулагдах бол сүүлчийн шатны тоглолтууд Европ, Африк тивүүдэд болох юм байна.
Буэнос-Айрес хотоос Мадрид хүртэл агаараар зорчиход 13 цагийг зарцуулдаг. Энэ газар зүйн байрлал нь хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд нэлээд хүндрэл учруулж магадгүй байна.