Түрүүч нь: http://updown.mn/8155.html

Парламент Эрдэнэт үйлдвэрийг шалгасан Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцсэн 2002 оны тавдугаар сарын 9-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол, Оросын уулын баяжуулах “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрээс Кипр лүү зуучлалын хөлсөнд шилжсэн 800 мянган ам.долларын хэргээс гадна тус үйлдвэрээс дутсан өмч хөрөнгийн олон асуудал сөхөгдсөн юм.

Энэ өдөр УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаас гадна Төрийн хянан шалгах хороо буюу одоогийн Үндэсний аудитын газрын тус үйлдвэрийн 1998-2000 оны үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын дүн хамт сөхөгджээ. ТХШХ-ны шалгалтаар долоо, УИХ-ын шалгалтаар 30 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь улсын төсөв нь их наяд төгрөг рүү орж чадаагүй явсан монголчуудын хувьд их хэмжээний мөнгө юм.

ТХШХ-ны шалгалтын хэсэг:

– Д.Дорлигжав Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2000 оны 3, 6 дугаар сард Москва дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газраар дамжуулан 34.964 ам.долларыг “Муза моторс” компанд шилжүүлж “Ланд ровер” автомашин худалдан авч, автомашиныг ачуулах болон баримт бичиг бүрдүүлэхэд 7090 ам.доллар, мөн гаалийн татварт “Айр транс” ХХК-нд 7.9 сая төгрөг, бүгд 53.7 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлсэн.

– Уг автомашиныг Дорлигжав Улаанбаатар дахь үйлчилгээндээ хэрэглэх нэрээр гараашид хадгалж байгаад ажлаас өөрчлөгдөхдөө хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ямар нэг шийдвэргүй хувьдаа авсан.

– Мөн Москва дахь төлөөлөгчийн газрын зардлаар 810 ам.долларын үнэ бүхий цирковое магнитфон, индикатор, генератор болон 1297 америк долларын Nokia, Siemens гар утсыг үйлдвэрийн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хувьдаа авсан.

– Бодь интернешнл ХХК-ны охин компани Бодь проектор ХХК-иар бариулсан хувийн орон сууцныхаа төлбөр 110 мянган ам.долларыг 1999 оны нэгдүгээр сарын 15-нд “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлсөн асуудлыг сөхөн хөндсөн байдаг.

УИХ-ын гишүүд энэ үеэр Д.Дорлигжавыг хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл буюу албаны бүрэн эрхийг хэтрүүлсэн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байх тул асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.

Харин УИХ-ын Ажлын хэсэг:

Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдоржийн ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байх энэ өдөр УИХ дээр цоо шинэ олон баримт дэлгэгдсэн байдаг. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн 1999 онд 250 байгууллагатай 470 гэрээ, 2000 онд 300 байгууллага, аж ахуйн нэгжтэй 600 гэрээ хийсэн. Үүн дээр хэлцэл, тендерийг нэмэхэд тоймгүй тоо гарна гэж Ажлын хэсэг мэдээлж байв.

Эрчим хүчний алданги яригдаагүй байхад “Эрдэнэт” үйлдвэрийн 1998-1999 онд төлөөгүй байсан эрчим хүчний алдагдлыг дөрвөн сая ам.доллараар тооцож гаргаж үүнийг төлөх гэрээ хийсэн. Ингэхдээ энэхүү дөрвөн сая ам.долларыг 1.5 сая доллар болгон буруулж, мөнгийг ГОК-д эрчим хүч нийлүүлдэг ОХУ-ын Бурядын “Энергострой” компанид “Интеринвест” гэж гуравдагч компаниар дамжуулан төлсөн байв. “Интеринвест”нь “Женко” компаний охин компани бөгөөд 1998 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэт”-ээс 1.5 мянган ам.долларыг дээрх гэрээний дагуу шилжүүлэн авчээ.

Үүнээс гадна 413.439 ам.долларын өртөгтэй эрчим хүчний үнийг төлүүлэх ийм ижил гэрээг мөн л Женко компанийн өөр нэг охин компани болох “БТД” компанитай байгуулан хөрөнгийг шилжүүлсэн байв. Шалгалтаар “Интеринвест” компани энэ мөнгөө Бурядын “Энергострой”-д өгөөгүй бөгөөд долоон сарын дараа электрон бараа шахсан. Дээр нь Бурядын “Энергострой” 2000 оныг төгсгөл хүртэл энэхүү 1.5 сая ам.доллар дээр нэмээд нийт 2.981 мянган долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс авсан баримтууд ил болсон юм.

Мөн “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрээс дотоод, гадаадын зарим аж ахуйн нэгжид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тэдний дүрмийн санг бүрдүүлсэн байв. 2001 оны долдугаар сарын 1-ний байдлаар тус үйлдвэрээс дотоод, гадаадын зургаан байгууллага, аж ахуйн нэгжид 11.3 тэрбум төгрөг буюу 46 сая америк долларын хөрөнгө оруулалт хийж, тэдгээрийн дүрмийн санг бүрдүүлсэн ч мөнгө авсан компаниуд хамтарсан үйлдвэрт ногдол ашиг өгөөгүй байсан юм.

Жишээ нь, ХОТШ банкны дүрмийн санд “Эрдэнэт” үйлдвэр 525 сая төгрөг шилжүүлсэн. Гонконгд “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр болон БНСУ-ын Самсунг корпорацитай хамтарсан “Эрдсам” компанийг байгуулж 250 мянган америк доллар шилжүүлсэн, “Эрдэнэт” концерн нь ХОТШ банктай хамтран Монкон ХК-ийг байгуулж 21 мянган америк доллар авсан, ОХУ-ын Кшемне зэс боловсруулах үйлдвэртэй 10.5 сая америк доллар, Эрдэнэт металл хамтарсан үйлдвэрт 2.349.4 мянган америк доллар буюу 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан боловч ногдол ашиг аваагүй байсан аж.

Хөрөнгө оруулсан зарим аж ахуйн нэгж нь татан буугдсан учраас оруулсан хөрөнгөө буцаан авах боломжгүй болсон. Үйл ажиллагаа явуулж байгаагаас нь ногдол ашиг авах санаачилга гаргаагүй байсан хэрэг. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Д.Дорлигжав томилогдон очиход энэ албан тушаалын үндсэн цалин 250 мянган төгрөг байсан. Харин тэр очоод сар бүр 2000 мянган ам.долларын нэмэгдэл авах болсон байв. Энэ бол тухайн үеийн ханшаар хоёр сая төгрөг юм.

Захирал өөртөө үйлдвэрээс 70 сая төгрөгийн шагнал авсан. Сардаа албан хэрэглээндээ 100 мянган ам.доллар зарцуулах эрхтэй байсан зэрэг баримтууд сөхөгдсөн ч энэ бүгд “Эрдэнэт” үйлдвэрийг оффшор бүсэд, Панамын компанид барьцаалах гэсэн хэргээс хавьгүй “жижиг асуудал” байв. Саяханаас л оффшор бүс, оффшор данс хэмээх ойлголттой олон нийт сайтар танилцаж байгаа болохоос төрөөс төрсөн тэрбумтнууд энэ үеэс оффшорт жинхэнэ утгаар дурлаж байсан бололтой юм.

1999 оны дөрөвдүгээр сарын 28-нд Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн Панам Улсын “Фиостинтернешнл инвестмент транст” компанитай нэгэн зээлийн гэрээ байгуулаад авчээ. Энэ гэрээ Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улсын төрийн өмч буюу 51 хувийг барьцаалж 65 сая ам.долларын зээл авч, үүнээсээ 15 сая ам.долларыг нь үндсэн зээлийн таван жилийн хүүд тооцож, шууд буцааж төлөх ийм нөхцөлтэйгээр хийгдсэн байжээ.

Монгол Улсын төрийн өмчийг барьцаалж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын тал, захирал Д.Дорлигжав асуудлыг ТӨХ, Сангийн яам болон ОХУ-ын талд мэдэгдэн, албан ёсоор зохих зөвшөөрөл авах ёстой байсан ч мэдэгдээгүй. Хэдхэн хуудастай англи хэл дээр бичигдсэн эл гэрээ эргэлзээтэй. Энэхүү нууц гэрээгээ хэрэгжүүлэхээр Д.Дорлигжав Монголын хуулийн компанид хандаж эрх зүйн зөвлөгөө авч байсан ба ихээхэн нууцлаг байдалд үйлдсэн, гэхдээ төгс үйлдэлтэй энэ гэрээний үйл явц зогссон гэж энэ өдрийн хуралдаан дээр УИХ-ын шалгалтын Ажлын хэсгийн ахлагч мэдээлсэн байдаг юм.

Гэхдээ шалгалтыг дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн 2002 оны тавдугаар сард энэ гэрээний эх хувь УИХ-ын Ажлын хэсэгт олдоогүй, тэд гэрээний хуулбартай л сууж байв. Эх сурвалжууд үүнийг зээл олгох гэж байсан Панамын “Фиостинтернешнл инвестмент транст” компани хоёр улсын, төрийн өмч зэс молбиденийн компанийг ганцхан хүний гарын үсгээр барьцаалах зүрх хүрээгүй байх гэж “дүгнэсэн” байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрээс хууль бусаар хөрөнгө мөнгө завшсан, завшихыг завдсан баримтуудын зөвхөн нэг хэсэг нь.

Төрийн өмчийг хувьдаа завших явц 1990-ээд оны дунд үеэс эрчтэй эхэлсэн шигээ өнөөдөр ч ширүүн үргэлжилж байна. Хамгийн сүүлийн том жишээ бол маргаан нь яг одоо өрнөж байгаа Хөгжлийн банкнаас тараагдсан зээл. Сонирхолтой нь төрийн өмчийг завшигчид 1990 оны төгсгөл, 2000 оны эхээр ашиглаж байсан арга аргачлалаа огтхон ч өөрчилсөнгүй. Хөрөнгө завшсан баримтууд илэрдэг ч эзэд нь факт баримтыг он жилийн салхинд “хийсгэж” орхидог.

Тэр бүгдийг ард иргэд мартаж орхидог. Мартдаг болохоор нь тонуулчид ахидаг давардаг ийм урвуу харсан тогтолцооноос монголчууд хэзээ, яаж салах юм бол? Эндээс улс төрд оршин тогтнох эсэхийг нь шийдэх хөрөнгөө босгодог стратегийн гол түшиц газар, зарим өмч хувьчлалын түрийвч болсон, улсдаа хамгийн том эдийн засагтай, дэлхийд тэргүүлэх зэс молбедины том үйлдвэрийг хууль бусаар хувьчилж, хяналтандаа оруулах сонирхол хэнд, хэзээнээс төрж эхэлсэн бэ гэдгийг харж болно?

By updown

17 thoughts on ““Эрдэнэт” үйлдвэрийг оффшорт барьцаалах гэж байв”
  1. Энэ аль хэдийн болоод өнгөрсөн эрдэнэтэд байхдаа маш их юм хийсэн хүн шүү хаа очиж

    1. Киштим Балхашмед гэдэг уйлдэвруудээс маш их авлага байх учиртай ЕТГ дарга байсан Баяр хооцолдоод яваад байсан тэр монгийг авсан уу аваад буруу замаар орсон уу

  2. ДАН залилан.Уул уурхайн акулууд хүртэл чадахгүй, дотроосоо хамгийн чадалтай Отгонбилэгийг л сонгож Эрдэнэтийн захирлаар тавьж байсым,худлаа гэвэл Очирбат гуай,Бадамсүрэн гэх мэт мэргэжлийнхнээс асуугаарай, гэтэл Ардчилал нэр зүүсэн өлөн , идэх ,уухын донгоос өөр бодолгүй, мэргэжилгүй гудамжны гуйлгачингууд гарч ирж, улсын өмч хөрөнгөрүү шүлэнхийтэн, уралдан дайрцгааж ер нь бол юу ч үлдээлгүй устгалаа. Эдгээр луйварчдын тэргүүн эгнээнд Элбэгдорж, Да Ганболд, Дорлигжав, З.Энхболд,Женко, Алтанхуяг, Бат-үүл Бадамжунай, Миеэ,Сү.Батболд,Ганзориг, Алтан хүүхэн, нөгөө алдарт сахал Эрдэнэбилэг, Баяр, Баярцогт, Сайханбилэг Молекул нар багтмой.

  3. Үнэн дүр төрх нь яг л ийм хогийн гэмт хэрэгтэнгүүд л Монголын төрөөр тоглож дуусч байна. Хууль шүүхийн томчууд энэ бүгдийг таг дардаг цаг хождог хувалзууд, тэдний авилгал санаанд багтамгүй аймаар юм байгаа. Яана даа яана энэ улс орон, юугаа ч мэдэхгүй соруулж мөлжүүлж хохирч байгаа жирийн ард иргэд минь

  4. Энэ Дорлигжав тайрдас, булчин Баттулга холбоотой ш дээ. Баттулга Монголын прокурорт нэлээн өөрийн гэсэн бүлэглэлтэй угаасаа.

  5. Battulga ugaasaa gemt heregten.Daanch songuuli ugsun hun tsuuhun,ugsun ni nuguu huldaichaas deerduulsen ni zuvhun itgel bsn.Harin odoo uhaan gargaj uuriin erh ashig shunalaa zolioslohgui bol ard tumen undiihgui boltol arga hemjee avah l baih. Chinagiin udirdagch shig hulgaich nariig gesgeevel songogdsonii ashig ni ter l bolnodoo.

  6. dorlig yahav ee gants muu musso jip. BUHEL BUTEN ERDENETIIG bartsaand tavisan C.Bayar bolon tuunii hamsaatnuudiig shalgaad bugdiig ni buudah heregtei. tegj bj uragshaaa yavna

  7. Дорлигжав ажилчдын амьдрал ахуй цалин хангамжын талаар маш их санаачилга гаргаж ажилласныг түүний нь үр шимийг хүртэж байсны хувьд сайн мэддэг юм

Армян инженер-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн