Амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийг олгохоор болов. Тухайлбал, эцэг эхийн аль нэг нь 15 ба түүнээс дээш жил эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах юм. Мөн орон нутгаас элсэн суралцаж, төгсөөд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллахаар гэрээ байгуулан суралцаж буй анагаах ухааны сургуулийн оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Ингэснээр Эрүүл мэндийн ажилтны урамшуулал төрөл хэмжээ, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Өнөөдрийн байдлаар АШҮУИС-д суралцаж байгаа нийт 40 оюутанд тус бүр 500 мянган төгрөг олгожээ. Энэхүү тэтгэлэгийн журам нь өнгөрсөн оны аравдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн билээ. Цаашид анагаах ухааны боловсрол олгох хувийн хэвшлийн бусад сургууль, олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран тэтгэлэг олгох үйл ажиллагааг өргөжүүлэх юм байна.