ТЕГ кассын машинтай боловч түүнийгээ ашигладаггүй, янз бүрийн шалтаг гарган, хууль дагаж мөрдөхгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад гуравдугаар сарын 1-нээс эхлэн хуулийн дагуу хариуцлага тооцох гэнэ. Тус газар энэ ажлыг эхлүүлэхийн тулд ээлжинд Е баримт хэвлэгч машин тавьсан, интернэт орчинтой дунд зэрэглэлийн худалдаа, үйлчилгээний газруудад анхаарлаа хандуулж байгаа аж. Харин Нарантуул, Хархорин, Барс гэх мэт худалдааны төв, захуудад худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг E-баримт хэвлэх машинтай болгох тал дээр Татварын байгууллага толгойгоо өвтгөж байгаа юм байна. Юутай ч тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга болон Үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй хамтран худалдааны төвүүдийг дунд нь кассын машинтай болгох ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Үүний тулд, хэвлэгч машин нийлүүлдэг аж, ахуйн нэгж байгууллагуудтай ярилцаж, бүтээгдэхүүнийг нь лизинг, зээлээр өгөх хүсэлт тавих гэнэ. Одоогоор 50 орчим компани кассын машиныг оруулж ирж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нэг нь 40 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй аж. Харин улсын хэмжээнд 38.800 гаруй аж, ахуйн нэгж байгууллага кассын машин ашигладаг юм байна.