Монголын зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2016” наадмын эцсийн шалгаруулалт өчигдөр /2017.02.23/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа боллоо. 30 дахь удаагийн наадмын сүүлийн шалгаруулалтад шилдэг 25 дуу үлдсэн. Тус наадмын Гранпри шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу “Тэнэгэр их тал” дуу шалгарлаа. Дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм.
Наадмын Гранпри шагналтай найман уран бүтээлч оролцсоноос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдлөө.
1987 оноос эхтэй “Морин хуур” наадам 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон билээ.