Нисэх онгоцны буудал дээр бусдын гарт хорлогдон амиа алдсан Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жун Намын цогцост задлан шинжилгээ хийсэн Малайзын хор судлалын хүрээлэн түүний үхлийн шалтгааныг химийн бодис, тодруулбал “VX мэдрэлийн төвийн хор” байсан гэж үзсэн байна. Энэ хорыг НҮБ үй олноор хөнөөх зэвсгийн төрөлд багтаадаг юм байна. Малайзын тал Хойд Солонгосыг хохирогчийн үхлийн шалтгаанд шууд утгаар буруутгаагүй ч тус улсыг энэ хэргийн ард байсан нь гарцаагүй гэж мэдэгджээ. Ким Жун Намын цогцост задлан шинжилгээ хийхийг Хойд Солонгосын тал хориглож байсан бөгөөд Малайз Улсыг хоёр талд хор уршиг тарих зорилготой ажил эхлүүлэх гэж байна хэмээн буруутгаж байсан юм. Дэлхийн хэвлэлүүд Хойд Солонгосын удирдагчын ах Ким Жун Нам бусдын гарт хорлогдон нас барсан талаар мэдээлсээр байгаа ч Хойд Солонгосын тал одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй, ДНК-ийн шинжилгээ хийх хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс Малайз Улс ч Ким Жун Намыг нас барсан, нисэх буудалд амиа алдсан хүн Ким мөн байсан эсэх талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.