Умард Солонгосоос 2017 оны хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн оны эцэс хүртэл нүүрс импортлохгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан хориг арга хэмжээ авах тогтоолыг тууштай дагаж мөрдөнө хэмээн БНХАУ өнгөрсөн долоо хоногийн ням гарагт мэдэгдсэн билээ. Өчигдөр энэ шийдвэрийн талаар Пхеньян ам нээж, Бээжингийн эрх баригчдыг битүүхэн шүүмжиллээ. Умард Солонгосын Төв KCNA цахилгаан мэдээний агентлаг БНХАУ-ын нэрийг дурдалгүй “БНАСАУ-тай найрсаг харилцаатай хөрш гэж өөрийгөө тодорхойлдог нэгэн улс өнгөрсөн оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу хоёр талын худалдааг бүрмөсөн зогсоох алхам хийлээ. Хориг арга хэмжээ нь ард түмний аж амьдралд сөргөөр нөлөөлөх учиргүй гэж онцлон тэмдэглэж байсан энэ улс манай улсын Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой дайснуудтай адил алхам хийлээ” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Мөн тус агентлаг “мөнгөний урсгалыг хааснаар БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон тив алгасах баллистик пуужин үйлдвэрлэх явцыг зогсооно гэж бодож байгаа бол эндүүрэл” гэсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. БНХАУ бол Умард Солонгосоос нүүрсийг худалдан авдаг гол улсын нэг бөгөөд энэ сарын 19-нд мөн тус улсаас мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмал импортлоор авахыг хориглоод байгаа. Нүүрсний экспорт нь Умард Солонгосын Засгийн газрын хувьд гадаад валют олж авах гол эх үүсвэрүүдийн нэг учраас Хятадын хориг нь Пхеньянд хүчтэй цохилт болно гэж шинжээчид үздэг аж.