-Залуус хийгээд дунд суудалтанд сайн-
Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл “Үхэр нь толгой, ходоод хийгээд цулбуур нь улаан, эвэр чих, сүүл, туурай, шийр, бие болон ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үс нь чихний ардуураа хийссэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон өнгийн гуталтай, баруун гутлаа өмссөн, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадлаар доройдуу идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйсэн” байгаа аж. Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал “Залууст хийгээд дунд суудалтанд сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд муу. Нийт олны үйлс бүхэн дэвжин дэлгэрэвч үр дүн багатай байх нигууртай. Зарим газар хавдар, боом өвчин гарч болзошгүй. Жилийн эхээр салхи маш их. Хаврын дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эрдтээ өвс ургамал ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг” байх юм байна.
-МӨР ГАРГАХ ЗУРХАЙ-
Гал суудал
Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний базар еэ мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд, хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.
Шороо суудал
Баруун хойшоо гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.
Төмөр суудал
Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.
Огторгуйн суудал
Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, газар хөдлөх цагаар хянуур бай.
Ус суудал
Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.
Уул суудал
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж, хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.
Мод суудал
Хойд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.
Хий суудал
Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааны тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.