Бразилын “Сантос” клубт 1990-ээд онд хаалгачийн үүрэг гүйцэтгэж, сүүлд мужийн хөлбөмбөгийн жижиг багийн менежерээр ажиллаж байсан домогт хөлбөмбөгч Пелегийн хүү хар тамхи наймаалцсан, мөнгө угаасан хэргээр 12 жил, 10 сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Бразилын шүүх түүнийг баривчлан хорих шийдвэрийг өчигдөр (2017.02.24) гаргасан байна.
Эцгийнхээ замналаар хөлбөмбөгтэй амьдралаа холбосон Эдиньо 2005 онд энэ хэргийн улмаас баривчлагдан удалгүй суллагджээ. 2014 онд Эдиньог шүүх анхан шатны шүүхийн хурал болж түүнд 33 жилийн хорих ял оноосон боловч тэр хоригдоогүй байна. Өчигдөр болсон давж заалдах шатны шүүх түүнд оноосон хорих ялыг 12 жил 10 сар болгон бууруулж, гэмт этгээд дараагийн шатны шүүхэд хандсан ч хорих ялыг биеэр эдлүүлэхээр заажээ.
Эдиньо өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн байна. Тэр “Би хууль, шүүхийн тогтолцооны ээлжит хохирогч боллоо. Би хэзээ ч мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хар тамхины хэрэгт холбогдсон нь үнэн. Гэхдээ би олон жил ийм асуудлаас хол явсан” гэжээ. Түүний хэрэгт хамаатай хэмээн өөр дөрвөн хүн ял шийтгүүлсэн байна.