Монгол дахь Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр хулгайлан Монголын хилээр авч гарах гэсэн дуулиан гарсан. Энэ үйл явдалтай холбоотой Монгол, Турк хоёр орны харилцаа муудаж болзошгүй байна.

Долдугаар сарын 31-нд  Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдэгдэл гаргаж “Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж, эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Үүний дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголоос Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг дуудаж, заавар чиглэл өгч буцаасан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл өчигдөр  Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Вэйсел Акчай нь Туркийн террорист бүлэглэл болох “Фето”-гийн төлөөлөгч бөгөөд Турк улсад эрэн сурвалжлагдаж байгаа” гэдгийг онцлоод “Вэйсел Акчайтай холбоотой хэрэг дөнгөж саяхан Монгол Улсад гарсан зүйл биш. Бид 2013 оноос Монгол Улсын талд энэ хүнийг Туркийн талд хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан. 2016 оноос Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдсон үйл явдлаас хойш энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Вэйсел Акчайгаас гадна Туркийн нэр бүхий хэд хэдэн иргэд эрэн сурвалжлагдаж байгаа. Хэрвээ Монгол Улсын тал тэдгээр иргэдийг Туркийн талд хүлээлгэн өгвөл тэд туркийн шүүхээр нэр холбогдсон хэргээ шийдүүлнэ. Хэрвээ шүүхийн шийдвэрээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол бид тэдгээр иргэдийг цагаатгах болно” гэсэн юм. Түүний хэлснээр Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиуд санхүүжүүлж байгаа аж. Тиймээс Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаа гэнэ. Харин Эмпати сургуулиудад сурч буй хүүхдүүдийн хувьд ямар нэгэн асуудал гарахгүй, хохирол учрахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

 

 

By updown

One thought on “М.Ахмет Язал: Вэйсел Акчай бол террорист бүлэглэлийн төлөөлөгч, эрэн сурвалжлагдаж байгаа хүн”
  1. Магадгуй л байх. Манай хулгайчууд террористуудын огсон монгоноос авчихаад ногоохоо явуулж чадахгуй ч байгаа юм бил уу хэн мэдэх вэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн