БНСУ-ын Хангуг гадаад судлалын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Ким Гисоньтой ярилцлаа. Тус улсад монголчууд олноор очиж ажиллаж, амьдрах болсноор хоёр улсын хэл шинэ үгээр баяжиж байгааг тэрээр судалжээ.
-Монгол, солонгос шинэ үгийн талаар та сонирхолтой судалгаа хийжээ. Хэзээнээс судлав?
-Энэ сэдвээр нэлээд удаан материал цуглуулсан. Сүүлийн үед монголчууд Солонгост маш олноор ирж ажиллаж, амьдарч байна. Энэ нь хоёр улсын хэлэнд онцгой нөлөөлж, өдөр ирэх тусам шинэ үг нэмэгдэх болсон. Иймд хоёр хэлний онцлогийг харьцуулан судлах зорилго тавьсан юм. Судалгааны бүтээлээ МУИС-аас зохион байгуулсан “Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд танилцууллаа.
-Хоёр хэлний ижил төстэй болон ялгаатай тал нь юу вэ?
-Хоёр хэлэнд ижил төстэй болон ялгаатай тал олон бий. Тухайлбал, нэр үгийн утгыг дүрслэлд шилжүүлэн авдаг нь төстэй. Жишээ нь, Улаанбаатарчууд Таван шар гэж нэрлэн ярьж хэвшсэн байна. Нинжа, орк гэхчлэн үгс монгол хэлэнд байдаг. “Хөдөөнөөс орж ирсэн орк” гээд хэлж байгаа сонсогддог. Тэгвэл солонгосчууд мөн ингэж ярьдаг. Хоёр хэлний ялгаатай тал гэвэл солонгос хэлэнд ханз үсгээр бичдэг, нийлмэл нэр үг зөндөө.
Мөн харь хэлнээс орж ирсэн гадаад үгийн эхний үе юм уу, төгсгөлийн үе нь шинэ үг үүсгэдэг.Энэ арга нь монгол хэлний үг бүтээх аргаас өөр. Харин англи үгийг орчуулалгүй тэр чигээр нь хэрэглэж байгаа нь хоёр хэлэнд нийтлэг байна. Зээлж авсан “зээл үг” нь хэлний үзэгдэл юм.
-Монголд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоход ямар сэдэв, судалгаа сонирхол татав?
-Би өөрөө хэл шинжлэлийн хүн болохоор энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтдийн илт-гэлд анхаарал хандууллаа. Их төлөв үгийн гарал үүсэл, хэл зүйн асуудлаарх судалгаанууд зонхилжээ. Монгол хэл судлалын чиглэлээр, Хятадын Төвийн үндэстний их сургуулийн судлаач, эрдэмтэн Гао Лянхуагийн “Монгол хэлний дайваржсан хэлхэц”, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш, судлаач Г.Батзаяагийн “Монгол хэлний нутгийн аялгуунууд дахь үйл үгийн биеэр төгсөх нөхцөлийг харьцуулсан судалгаа” сонирхол татлаа.
Мөн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач С.Энхжаргалын “Монгол хэлц, хэллэгийн далд утгыг тайлбарлах асуудалд”, Польшийн судлаач Павель Шчаны “Улаанбаатарын гудамж, талбайн нэрийн судалгаа”, Франц улсаас эх орноо зорин ирсэн, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Сайнзаяагийн “Хэлний улирал, хувьсал, нутгийн аялгууны бүрдлийн хоорондох харилцаа холбоо” илтгэлүүдийг анхаарч сонслоо. Миний хувьд цаашид энэ чиглэлээр судалгаагаа үргэлжлүүлнэ.
-Та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?
-Би 1990 онд Монголд ирж МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангид суралцаж төгссөн.Монгол хэл гайгүй сурсан минь, энэ сургуулийн эрдэмтэн, багш нарын маань ач буян.Сургуулиа төгсөөд нутаг буцсан ч гэсэн би Монголд жил болгон ирдэг, бараг миний хоёр дахь эх орон. Ганц МУИС ч гэлтгүй МУБИС, ШУТИС, Улаанбаатар их сургууль гээд хэл шинжлэлийн талаар судалдаг бүх их,дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачидтай харилцаатай байдаг.
-БНСУ-ын Хангүг сургуульд ямар улсаас оюутнууд суралцдаг вэ. Солонгосчууд монгол хэл сонирхож сурах идэвх хэр байдаг вэ?
–Манайх гадаад хэлний их сургууль учраас гадаад хэлний 45 тэнхимтэй. Дэлхийн 45 орноос оюутан ирж суралцдаг. Манай улсын хэмжээнд монгол хэлний хоёр сургуультай. Нэг үеэ бодвол солонгосууд монгол хэл сонирхох, сурах нь багассан. Гэхдээ манай тэнхимд нэг ангид 20 оюутан монгол хэл, түүх, угсаатны зүйн чиглэлээр судалж сурч байна. Нэг ангид 20 гэхээр нийтдээ 100 гаруй оюутан аспирант, докторантурт суралцаж байгаа.
-БНСУ шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний ажлыг хэр анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг вэ?
-Манай улсын боловсролын яам, түүний харьяа “Солонгосын судалгааны сан” гэж бий. Тэндээс жил бүр судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж санхүүг нь шийдэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хандив тусламжаар дэмждэг. Улс бодлогоор дэмждэг учраас судалгаа, шинжилгээний ажил эрчимтэй хийгддэг.