Монголын энхийг сахиулагч цэргүүд Өмнөд Судан улсад дахин 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ. Тус улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас ирүүлсэн захидалд бичсэнээр дээрх явдал өнгөрсөн сарын 22-нд болсон аж. Тухайн үед баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэргэлэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завдсан байна. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллаж, хүч хэрэглэх замаар хаалт тавьж, буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авснаар иргэдийг аварчээ.
Энхийг сахиулагч алба хаагчид тус улсын Бентью хот дахь 120000 гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор болон гадна талын аюулгүй байдлыг хангах, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа агаараар болон газраар хүнс тараах ажиллагааны хамгаалалт, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалт зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Тэд сөргөлдөгч талуудын байлдааны ажиллагааны газар орноос дүрвэн гарсан олон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ажилласаар байгаа аж.