[starbox]
-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Мексикт 248 хүн амиа алдаад байна-
Мексик улсын түүхэнд тэмдэглэгдэх хүчтэй газар хөдлөлт болж, асар их хэмжээний хохирол амсчээ. Орон нутгийн цагаар мягмар гарагийн 13:14 цагт болсон, 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 248 хүн амиа алдсан талаар Үндэсний осол, аврах албаны тэргүүн Луис Фелипе Пуэнте мэдэгдлээ. Тэрбээр “Одоогийн байдлаар 248 хүн амиа алдаад байна. Тодруулбал Морелост 72, Мехикод 117, Пуэблд 43, Эдомекст 12, Геррерод гурав, Оахакт нэг хүн амиа алджээ” хэмээн Twitter хуудсандаа бичжээ.
Нийслэл Мехико хотод хэдэн арван байр, байшин нурсан байна. Тэр ч бүү хэл дунд сургууль нурж, олон хүүхэд амиа алдсан бол нэлээд хэдэн хүүхэд сураггүй алга болсон аж. Мехикогийн нисэх онгоцны буудлыг хааж, хотын олон барилгаас хүмүүсийг бүрэн гаргаад байна. Аврагчид хамгийн их сүйрсэн хотуудад хүчээ дайчлан ажиллаж байна. Тэд нурангин дор амьд хүмүүс байх магадлалтай хэмээн яаравчлан ажиллаж байгаа аж. Аврагчдаас гадна сайн дурынхан ч эвдэрч нурсан барилгуудыг ухаж, хүмүүсийг гаргаж байна. Тус улсын засаг захиргааны мэдээлснээр доод тал нь 3.8 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ.
Сургуулилтын үеэрх газар хөдлөлт
Газар хөдлөлтийн дараа хэдэн мянган хүнийг гадаа яаралтай гаргасан байна. Газар хөдлөлтийн голомт нийслэл Мехикогоос 120 км-ийн зайд орших Пуэбла мужид Атенсинго хотоос холгүйхэн, 51 км-ийн гүнд байрлаж байсан тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ.
Хачирхалтай нь яг энэ үеэр Мехикогийн аврах албаныхан 10 мянга орчим хүний амийг авч одсон хүчтэй газар хөдлөлтийн 32 жилийн ойг тохиолдуулан гамшгийн ийм үеийн үр дагавартай хэрхэн тэмцэх тухай сургуулилт явуулж байсан аж.
Газар хөдлөлт нийслэл даяар мэдрэгдсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето ард иргэддээ хандан аврагчдыг нурангинд хүрэх боломжоор хангахын тулд гудамжинд бөөгнөрч, түгжрэл үүсгэхгүй байхыг уриалжээ. АНУ, Канад болон бусад орны удирдагчид газар хөдлөлтөд өртөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна.
Сандрал түгшүүр
ВВС-гийн агентлагийн Мехико дахь сурвалжлагч Хуан Польер ийнхүү бичжээ. “Мехикочууд газар хөдлөлтөд дассан улс. Гэвч 1985 оны яг энэ үеэр болсон газар хөдлөлт нутгийн иргэдийн зүрхэнд оржээ. Мянга мянган хүн айсандаа чичрэн гудамжинд гарч, уйлж байгаа хэрнээ төрөл төрөгсөд, ойр дотныхон руугаа залгахыг хичээж байна.
Амиа алдагсдын тоо цаашид өсөх нь тодорхой байна. Нийслэлийн ганц дүүрэгт л гэхэд 30-аас доошгүй барилга нуржээ. Хүмүүс нүцгэн гараасаа нурангийг ухахыг оролдож байна. Учир нь энд гэмтэж бэртсэн хүмүүс үлдсэн гэдэгт итгэлтэй байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: РИА Новости