Багш нарын 60 хувь нь ажил хаялт зарлажээ

2017-09-21 11:24
bagsh

“Багшийн цалинг түр нэмүүлэх” хороонд нэгдсэн багш нар цалингаа 1.6 сая болгож нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа. Тус хороо энэ сарын 18-нд хуралдаж шийдвэрлэсний дагуу өнөөдөр (2017.09.21) ажил хаялт зарлалаа.

Ажилт хаялт өглөө 08:00-17:00 цагт хүртэл үргэлжилэх аж. Одоогоор  ЕБС-ийн нийт 40 мянга гаруй багш нар буюу 60 хувь нь хичээлээ заахгүй бол үлдсэн 40 хувь нь хүүхдүүдээ хүлээн авч байна. “Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Өчигдөр (2017.09.20) хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулна гэж шийдвэрлэсэн.

Мөн ЗГХЭГ-ын  дэд дарга У.Бямбасүрэн Монголын Боловсрол,  Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороонд өнгөрсөн мягмар гаригт (2017.09.19) төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн билээ.