“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг ХНХЯ-ны харъяа ХАБЭМТөвөөс зохион байгууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв түүхт 50 жилийн ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ХАБ хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, тус газрын ХАБ-ын стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн Нарангарав, нийслэл, орон нутгийн 55 сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр ХНХЯ-ны ХХБХЗГ-ын ХАБ-ын асуудал харицсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал орхигдож байгааг дурьдаад сургалтын стандарт, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолсон. Мөн газар тариалан эрхэлж буй хүмүүст ХАБЭА-н сургалтыг хэрхэн хүргэх, сургалтын журмаа сайжруулах талд анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Мөн энэ талаар ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид “Газар тариалан эрхлэгчдийн холбоотой хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал түүний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Цаашид газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна” гэдгийг дурьдсан.
Энэ үеэр оролцогчдыг гурван бүлэгт хуваан “ХАБЭА-н сургалтын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартыг хэрхэн шинэчлэх, сургалтын төвийн багш нарыг хэрхэн чадвахжуулах, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийг хэрхэн өөрчлөх” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт хүн бүрийг жигд хамруулснаар оролцогчид идэвхтэй санал бодлоо солилцож байлаа. Дээрх хэлэлцүүлгийн үеэр салбарын бодлого үйл ажиллагаатай уялдах олон санал санаачлага гарч байсан.
Тухайлбал, сургалтын төвүүд нэгдсэн баазтай болох асуудлыг хөндөх хүмүүс цөөнгүй байв. Мөн салбар салбарын эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг гаргаж тус жагсаалттай уялдуулан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх санаачлага гарч байлаа.
Ерөнхийдөө багшлах боловсон хүчний залгамж халааг бэлтгэх, сургалтын нэгдсэн бааз бий болгох, салбарын эрсдэл, үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалтыг анхан ба ахисан гэсэн хоёр шатлалтай болгох, сургалтын төвүүдийг чадамжаар нь 2-3 ангилах, Олон улсын ХАБЭА-н сургалтыг өөрийн орондоо зохион байгуулах, сургалтын төвүүдийг чадвахжуулах зэрэг олон, сонирхолтой санал санаачлага гарсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид тодотгосон. ХАБЭМТөв нь ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 сургалтын байгууллагатай хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг харуулсан чухал арга хэмжээ боллоо.