Ж.Эрдэнэбат: Шадар сайдын ажилд алдаа байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ

 -Бүтэн жил малгайд нь багтсан танхимаа огцруулах ажлыг өрдөж яваа Шадар сайдын ажилд алдаа дутагдал байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ-

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өчигдөр (2017.09.07)-ны орой УИХ-ын ээлжит бус чуулганд хэлсэн онцлох 10 ишлэл.

  1. Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа  1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ.
  2. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн  шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ.
  3. Хэрвээ бид улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж,  засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон.
  4. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа Монгол Улсын Шадар сайдын ажилд ч алдаа дутагдал байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ.
  5. Манай Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай болсон байлаа. Өнөөдөр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр  5.3 хувьтай байгаа. Цаашид төр засаг, бодлого тогтвортой байвал баялаг бүтээгчид маань энэ өсөлтийг илүү өндөр хувьд хүргэх баттай суурь, эхлэл тавигдсан.
  6. Манай өмнө ажилласан АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонг үзэж туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж,  боломжит бүх нөхцөлийн шавхан ажилласны хүчинд улсын эдийн засаг өндийж эхэлсэн.
  7. Би хувьдаа төрийн ажлыг Төрийн ордондоо, намын асуудлыг намын байрандаа ярих ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг учраас энэ тухай нам дээрээ дэлгэрэнгүй  ярих бололцоо гарна гэдэгт итгэж байна.
  8. Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил биднийг хүлээж байна.
  9. Ард түмнээ басамжлах хэрэггүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийг  ард түмэн маш сайн мэднэ.
  10. Бид АН-ын алдааг давтахгүй, засгаа огцруулж төрийг тогтворгүй болгодог буруу жишгийг үргэлжлүүлэхгүй гэж амлаж УИХ-д сонгогдсон. Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна.

One thought on “Ж.Эрдэнэбат: Шадар сайдын ажилд алдаа байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ

  1. zo 2017-09-08 10:11 at 10:11

    estoi unen heljee. daraagiin zg-aa bas heden nuhud ogtsruulna geed gyih bii dee.haramsaltai baina. heden hunii huviin ambitsaar tur zasag ogtsordog boljee.

    Хариулах

zo-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн