Нийгмийн ёс суртахууны доройтол, харилцааны ёс зүй асуудал болоод байгаа талаар хүн бүр л ярьж байна. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой өдрийн сонинд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас тоймлон хүргэвэе.

“Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна.

Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч “Энэ мууд үг хэлээд өгөөрэй” гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан” хэмээн ярьжээ.

Мөн нийгэмд харилцааны ёс зүйг бий болгож, бие биенээ хайрлаж хүндлэх сэтгэлийг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг чухал гэх санааг ч яриандаа дурьджээ. Тэрбээр “Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал”

Та бүхэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын ярилцлагын дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл Өдрийн сонины dnn.mn сайтад зочилж болно.

By updown

2 thoughts on “Сэтгүүлч До.Цэнджав: Гудамжны, хэрүүлийн, бие биенээ жадлан эсэргүүцэх, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа нийгэмд ноёлж байх шиг”
  1. МЗЭ-ийг маш муухайгаар самарсан, хуучин цагийн хоцрогдсон сэтгүүлч гуайн ярилцлага гэгчийг харлаа. Үүнийг уншиж суух завтай тэнэг нэгэн лав монголд олдохгүй байхөө. Говь, хээрийн аймгуудын МЗЭ-ийн салбаруудыг дарамталж орон нутгийн нэгжүүдийг бараг өндийхөөргүй болгосон ийм хөгийн хахуулчид их утга зохиолоос аль эрт холдсон нь дээр аж. Одоо ч оройтойгүй шдээ. Бүү үзэгд, ашгүй яамай даа. Зайлаарай!

  2. Баярлалаа яг бодит үнэнийг бичсэн байна,Монголд гудамжны хэрүүл, хүйтэн харилцаа үргэлжлээд байвал эцэст нь Монгол сүйрэл рүү л явна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн