Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийн 3.1-д “…хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох зорчих зөвшөөрөл, онцгой зөвшөөрөл авч нэвтэрнэ” гэж заасан. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын талаас Монгол Улсад хүлээлгэн өгсөн зорчих болон онцгой зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус бүрд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгон ажиллаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколын 2.2-т “С төрлийн зорчих зөвшөөрлийг байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй байна” гэж заасан. Энэхүү төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхай экспортын тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдэд олгож байна.
Цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам, харилцаа тээврийн танхимаас тус улстай хиллэдэг авто замын боомтуудаас Ганц модны боомтын хүчин чадлыг тооцож, Монголын талыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд 1 улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох мэдэгдлийг удаа дараа ирүүлж байсан ба илүү олговол Ганцмодны боомтод мэдээлэл хүргэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Бусад боомтод тоо заагаагүй учир тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээвэрлэгч бүрд олгон ажиллаж байна.
Үүний дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар хүлээсэн үүргийг хангасан тээвэрлэгчид хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох зорилгоор Тээврийн нэгдсэн системийн програм хангамжийг 2019 онд нэвтрүүлсэн. Мөн зөвшөөрлийн бичгийг татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй, автотээврийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан байгууллагад олгож байна. Одоогийн байдлаар тус шаардлагыг хангасан 240 аж ахуйн нэгжийн 19062 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд С төрлийн зорчих зөвшөөрлийн 6000 бичгийг оновчтой хуваарилж олгох, зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Түүнчлэн тээвэрлэгчдийн зүгээс өгч байгаа мэдээллээр С төрлийн зорчих зөвшөөрлийн үнийг нэмэгдүүлж, дамлаж зарах асуудал байдаг байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг бий болох магадлалтай байна.
Иймд уул уурхайн чиглэлээр улс хоорондын тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, бизнес эрхлэгчдэд үүсээд байгаа хүндрэл чирэгдлийг багасах, бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг хангах эерэг үр дагаврыг бий болгох зорилгоор Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд ашигт малтмалын төлөвлөгөө болон худалдан авагчийн худалдан авсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, бүтээгдэхүүн зөөвөрлөх хугацаа, хил нэвтэрсэн гүйцэтгэл зэрэгтэй зайлшгүй уялдуулж зорчих зөвшөөрлийг олгох, хянах асуудлыг Засгийн газарт захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгож зохицуулах байдлаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар С төрлийн зорчих зөвшөөрлийг авах шаардлага хангасан тээвэрлэгчдийн мэдээллийг уурхай эрхлэгчдэд хүргүүлж өөрсдийн экспортын бүтээгдэхүүний хувь хэмжээтэй уялдуулан эдгээр тээврийн хэрэгслээс сонгон, шийдвэрлэх боломж бий болж авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс