УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.04/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Тайланд 7.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт 9 ширхэг, 4.5 тэрбум төгрөгийн албан шаардлага 29, 12.3 тэрбум төгрөгийн зөвлөмж 54 ширхэг гарсан байна. Хуулиар Үндэсний аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авах юм бол хариуцлага хүлээдэг. Үүн дээр ямар хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэхүү асуудлын дийлэнх шалтгаан нь банктай холбоотой.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг энд тэнд байршуулаад авч чаддаггүй асуудлууд байна. Тухайлбал, Капитал банкнаас 104 тэрбум төгрөгийн авлагаас 2021 оны 12 сарын 31-ний байдлаар 73.9 тэрбумын үлдэгдэл байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр авчээ. Гэхдээ үүнийхээ 30 үл хөдлөхийн нэрийг шилжүүлж аваагүй байна гэж тайланд тусгажээ. Яагаад шилжүүлж авч болдоггүй юм бэ?
Мөн дээрх асуудалтай холбогдуулан 3 иргэн, 6 ААН-ээс авах түрээсийн авлагаа авч чаддаггүй асуудал байна. Сан удирдаж байгаа хүмүүс нь зөв бодлогоор авлагаа барагдуулах, зөв байршуулах үүрэгтэй.
Үүний дараа Чингис банкны асуудал байна. 2021 онд 35 тэрбум төгрөгөөр сар бүр төлөх хуваарь гаргасан юм байна. Гэтэл 2021 оны 11 сард хуралдаад 140 сая төгрөгийг 11, 12 сард төлүүлнэ гээд гэрээ байгуулсан юм байна. Гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Тэгэхээр үүн дээр ямар нэг хариуцлага тооцсон уу?”