Завхан аймаг онгон дагшин байгаль, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аймгийн тоонд ордог. Тиймээс ирэх 4 жилд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 7-р сарын 23-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг өвөрмөц шийдлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах нүүдэлчдийнхээ соёл, өв уламжлалыг харуулсан төрөл бүрийн отгуудыг байгуулах юм. Энэ үеэр мөн уран уургач, бугуйлч, эмнэг булгиачдын улсын аварга шалгаруулах тэмцээн Завхан аймагт болно.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх гол баазыг бүрдүүлж, нутаг орноо хамгаалах нэр төртэй үүргийг гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид байдаг. Тэгвэл байгаль хамгаалагчид, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, сумын Засаг даргатайгаа Үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гурвалсан гэрээнд 2017 онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон үр дүнтэй ажлыг хийхээр тусгажээ.