Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин сэжигтнээр татагдахдаа “миний эсрэг бүхэл бүтэн компант ажил өрнөж байна” хэмээн мэдэгдэж байсан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэр энэ байр сууриа өнөөдөр (2017.03.02) морин цагт намынхандаа дуулгасан байна. Мөн ийм шийдвэр гаргасан гэдгээ өөрийн цахим хуудастаа тэмдэглэн үлдээжээ. Гэвч түүний энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ даргатай АН-ын шинэ удирдлагын баг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
Тус намын дунд шатны байгууллагын дарга нарыг тодруулах сунгаа одоо явагдаж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг тодруулах сунгаа зарлагдах юм. Сунгаанд нэр дэвшихийг хүссэн хүн болгон оролцох боломжтой ч тэднээс нийт гишүүний саналаар нэг л нэр дэвшигч тодорно. Намын даргын суудалд залраад удаагүй байгаа С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахгүй гэсэн байр суурьтай байгаа. Гуравдугаар сар дөнгөж гармагц АН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой нөхдийн өрсөлдөөн ийнхүү эхэлж байна. Өрсөлдөөн ширүүсвэл дотоод асуудлаа гадагш нь задалж, нийгмийг хамарсан бужигнаан болгож орхидог АН-ын лидерүүдийн толхилцоон дахин хоёр сар нийгмийн анхааралд байх биз ээ.