Засгийн газар энэ сарын 21-н гэхэд Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Гэвч эрх баригчид анхны хөрөнгө оруулагчдад эргэн төлөлтийг арай урт хугацаатай өөр бондоор солих санал тавиад байсан юм. Энэ саналыг хөрөнгө оруулагчид хүлээж авчээ.
Шинээр гаргах бондын хэмжээ 600 сая ам.доллар, хүү нь 8.75 хувь байх гэнэ. Энэ талаар өнөөдөр (2017.03.02) “Times of india” мэдээллээ. Хөгжлийн банкны өмнөх 580 сая ам.долларын бонд Ази, Европт арилжаалагдаж байсан бол одоо гаргах 600 сая ам.долларын бонд нь АНУ-д арилжаалагдах боломжтой болжээ.
Мөн энэ сарын 21-ний дотор төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын 476 сая ам.долларыг нь шинэ бондоор солих боломжтой болсон байна. Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 14-нд 580 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр 5.75 хувийн хүүтэйгээр арилжиж байсан бол таван жилийн дараа долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй бондоор солигдож байна.