Барселонагийн чуулга уулзалтад Финландын “HDM Global” компани шинэчилсэн “Nokia 3310” загвараа танилцууллаа. Өнгөрөгч 2016 онд “Microsoft Mobile” компаниас “Nokia” брэндийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг Финландын “HDM Global” компани худалдан авсан. Эдэлгээ сайтай, цэнэгээ сайн барьдаг, бат бөх гээд ярих, мессеж бичих үндсэн хэрэгцээг хангах чадвартай хамгийн шилдэг утас байсан учраас “HMD Global” хэрэглэгчдийг танил бүтээгдэхүүнээр нь татах гэж оролдож байгаа нэг хэлбэр нь энэ юм.
Тиймээс шинэчилэгдсэн “Nokia 3310” загвар нь 79.6 грам жинтэй, Эс30 үйлдлийн системтэй, хоёр мегапикселийн энгийн камертай, энгийн товчлууртай, 2.4 инчийн өнгөт дэлгэцтэй байх юм. Харин бусдаас ялгарах давуу тал хэвээр хадгалагдаж байгаа буюу цэнэгээ ярих горимд 22 цагийн турш барина, харин утсаа цэнэглэчихээд ямар нэг үйлдэл хийхгүй байх тохиолдолд бүтэн нэг сар цэнэгээ хадгалах юм байна. Мөн бидний сайн мэдэх, снейк хэмээх тоглоомоо ч шинэчилсэн гар утсандаа суулгажээ.
Утас нь улаан, шар, хар, саарал гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Үнийн хувьд 52 америк доллараар энэ оны дундуур худалдаанд гарах юм байна. “HDM Global” компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар шинэчилсэн “Нокиа 3310” утсыг борлуулахаар дэлхийн 120 гаруй орны 500 гаруй компани захиалгаа өгч, гэрээ байгуулжээ. Хамгийн анх “Нокиа 3310” загварын гар утас 2000 онд худалдаанд гарснаасаа хойш нийт 126 сая гаруй ширхэг борлуулагдсан байна.