[starbox]
-Тус улсад гурван сарын хугацаанд гурван удаа халдлага болжээ-
Их Британийн нийслэл Лондон хот айдаст автлаа. Зургаадугаар сарын 3-ны орой Лондоны гүүрэн дээр микро автобус явган зорчиж явсан 20 орчим хүнийг шууд дайран гарчээ. Үүний дараа гэрчүүдийн мэдээлснээр автомашинаас өмнөдийн төрхтэй гурван хүн 30 гаруй см-ийн урт хутга барин үсрэн гарч ирээд хүмүүс рүү халдаж эхэлжээ. Машин мурилзаж тахиралдан явсаар Лондоны гүүрээр гараад хэргийн газраас холдсон аж.
Үүний дараа “The Sun”-ы мэдээлснээр Лондоны гүүрний ойролцоох Боро зах дээр хутгаар зэвсэглэсэн үл таних этгээд ресторанд халдлага үйлдсэн байна. Лондоны цагдаагийн газрын мэдээлснээр энэхүү цуврал гурван халдлагын улмаас зургаан хүн амиа алджээ. Энэ тухай Скотланд-Ярдын төлөөлөгч Марк Роули мэдээлжээ.
Роули “Харамсалтай нь яг одоогийн бидэнд олдсон мэдээллээр зургаан хүн амиа алдаад байна. Үүнээс гадна цагдаагийнхан халдлага үйлдсэн гурван этгээдийг буудсан. 30 орчим хүн гэмтэж бэртжээ” гэсэн мэдээлэл өгсөн байна.
Цагдаагийн төлөөлөгч түүнчлэн халдлагуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэжээ. “Оройн 22:08 цагийн үед (Улаанбаатарын цагаар ням гарагийн 05:08 цаг) бид Лондоны гүүрэн дээгүүр явган хүмүүс рүү автомашин дайрсан гэсэн мэдээллийг авсан. Машин гүүрнээс Боро зах хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байсан бөгөөд сэжигтэн этгээдүүд машинаас гарч, хэд хэдэн хүн хутганы шарх авсан” гэжээ.
Зэвсэглэн цагдаа нар шуурхай хөдөлж, сэжигтэн гурван этгээдийг бууджээ. Тэднийг цагдаагийн газар дуудлага ирснээс найман минутын дараа устгаж чадсан байна. Халдлага үйлдэгчид амиа золиослогч этгээдүүд шиг бүс зүүсэн байсан ч шалгалтаар тэр нь хуурамч болохыг илрүүлсэн гэнэ.
Халдлагад оролцсон байж болзошгүй этгээдийн зураг нийтлэгджээ
Олон нийтийн сүлжээг хэрэглэгч нэг хүн биедээ ямар нэгэн зүйл бэхэлсэн, зам дээр хэвтэж буй эрэгтэй хүний цогцосны зургийг олонд дэлгэжээ. Халдлага үйлдэгчид Лондоны гүүрэн дээгүүр цагт 80 км-ийн хурдтай явсан аж.
Лондоны цагдаагийн газраас Лондоны гүүр, Боро захад болсон үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж үзсэн байна.
Таван этгээд халдсан байж болзошгүй
Британийн “The Sun” сониноос Лондоны гүүрэн дээр болсон алан хядах ажиллагаанд таван алан хядагч оролцсон гэж мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр хутганы халдлагаас хамгаалсан хантааз өмссөн таван алан хядагч хүмүүс рүү ангийн хутгатай халдахаасаа өмнөхөн микроавтобусанд суун явган хүмүүсийг дайрсан гэнэ. ВВС теле сувгийн мэдээллээр бол алан хядагчид халдлагын үеэр “Энэ бол Аллахын төлөө зүйл” хэмээн хашхирч байсан гэжээ. Халдлага үйлдсэн этгээдийн гурвыг нь цагдаа нар буудаж хороосон юм.
Сүүлийн гурван сарын доторх гурав дахь алан хядах ажиллагаа
– Энэ бол британичууд сүүлийн гурван сарын хугацаанд үзсэн гурав дахь алан хядах ажиллагаа юм –
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд нэгэн алан хядагч яг л энэ амралтын өдрийнх шиг схемээр халдлага үйлдсэн. Тэрээр Британийн парламентын ордны ойролцоо орших Вестминстерийн гүүрээр гарахдаа явган яваа хүмүүс рүү дайрч, өөрт нь саад хийхийг оролдсон цагдааг хутгалж хөнөөсөн билээ. Алан хядагчийг буудаж устгасан юм. Энэхүү халдлагын улмаас 12 орны иргэн бэртэж гэмтсэн аж. Хожим нь энэхүү алан хядагчийг Английн зүүн өмнөд зүгийн уугуул, шашны үзлээр Халид Мосуд хэмээн нэрээ өөрчилсөн Эдриан Рассел Ажао гэгч үйлдсэн болохыг тогтоосон билээ.
Үүнээс яг хоёр сарын дараа тавдугаар сарын 22-нд Манчестерийн цэнгэлдэх хүрээлэнд алдарт дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа дэлбэрэлт болж, 23 хүн хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ. Тэдний олонх нь хүүхдүүд, өсвөр насныхан байсан аж. Энэхүү халдлагыг Салман Абеди гэгч амиа золиослогч этгээд үйлдсэн нь тогтоогдсон байна.
Дээрх хоёр халдлагын хариуцлагыг дэлхийн олон оронд хориглодог “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн аж.
Ер нь Их Британи бол үндэсний баяр нь алан хядах ажиллагаатай холбогддог цорын ганц улс гэж хэлж болно. Тус улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-нд Гай Фоксын нэрэмжит баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэхүү Гай Фокс гэдэг нь 1605 онд Английн парламентад үг хэлж байсан ламтай хамт парламентын ордныг дэлбэлэхээр зэхэж байсан сөрөг хүчний бөмбөгдөгч аж. Тухайн үед хуйвалдааныг олж илрүүлэн халдлагыг таслан зогсоосон ч 400 жилийн дараа тус улс дахин халдлагын бай болж эхэлжээ.