[starbox]
Италийн хойд хэсэгт орших Эцталийн Альпын хүнгүй, буйдхан нутгийн өндөр ууланд 5300 жилийн өмнө Эци нуруундаа сум зоолгож, амиа алджээ. Сум түүний артерын судсыг дайрсан болохоор хэдхэн минутын дотор цус алдаж, амьсгал хураасан аж. Эцигийн цогцос мөсөнд хөлдсөн тулдаа манай гараг дээрх хамгийн эртний, хамгийн сайн хадгалагдан үлдсэн муми болон үлджээ.
Эциг 1991 онд хүмүүс олсон юм. Ингээд 10 жилийн дараа эрдэмтэд түүний мөрнөөс сумны цахиур үзүүр олж, хэдэн сарын дараа өндөр мэргэшсэн мөрдөгч цагдаа нарын удирдлаган дор Эциг хэн харвасан болохыг тогтоох ажилдаа орсон байна.
Энэ үнэхээр аллага байсан уу? Тэгвэл хэн түүнийг хөнөөсөн байж болох вэ?
Эцигийн цогцсыг хадгалж буй Өмнөд Тиролийн археологийн музейн захирал Анжелика Флекингер мэргэжилтнүүдэд ханджээ. Ингээд Мюнхений цагдаагийн газрын ахлах детектив шинжээч Александр Хорн энэ хэрэг дээр ажилласан байна. Эртний ийм хэрэг дээр ажиллах тухай хүсэлт эхлээд түүнийг гайхширалд оруулсан гэнэ.
“Хөгжилтэй тохиолдол байлаа. Захирал надаас эхлээд “хүйтэн хэрэг”-тэй ажилладаг уу гэж асуусан л даа. Хариуд нь би “Тийм ээ, ажилладаг” л гэсэн” хэмээн Хорн ярьжээ. “Хүйтэн хэрэг” гэдэг нь цагдаагийнхны хэллэг бол хуучны, илрээгүй гэмт хэргийг хэлдэг аж. Гэвч энэ хэрэг нь бусад хэргээс ч илүү “хүйтэн” байв.
“Ихэвчлэн хүйтэн хэрэг гэдэгт 20, эсвэл 30 жилийн өмнөх хэрэг ордог. Гэтэл надад бүр 5300 жилийн өмнөх хэргийг өгсөн” хэмээн цагдаагийн шинжээч өгүүлжээ.
Шинжээч Хорн анхандаа энэхүү цогцсыг шинжлэхийн аргагүй муудсан гэж бодсон аж. Гэтэл түүний ажилладаг цогцоснуудаас бараг шинэ шахуу байжээ. Шинжээч багийнхантайгаа хамт Альпын өндөр ууланд, гэмт хэрэг гарсан газраар явсан төдийгүй ходоодон доторх хоол хүнс, гэмтэл бэртэл зэргийг нь нарийвчлан шалгажээ. Ингээд “Энэ бол аллага мөн” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Ууланд бүгж байжээ
Эциг алуурчин гэнэдүүлсэн бололтой. “Эциг 30 метр орчмын зайнаас харвасан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл биеэр биш, алсын зайнаас хөнөөсөн гэсэн үг” хэмээн шинжээч ярьж байна.
Үүнээс гадна Эци суманд оногдохоосоо өмнө цасан дээр амарч байсан аж. Тиймээс нум, сум нь ч бэлэн бус байжээ. Энэ тухай шинжээч Хорн “Тэр үхэхээсээ хагас цаг орчмын өмнө амарч байсан. Бас сайтар хооллосон бөгөөд хаа нэгтээ яарсан, эсвэл ямар нэгэн зүйлээс зугтсан шинжгүй байсан” хэмээв.
Түүнчлэн Эцигийн баруун гарын шархыг судалж үзээд хэргийн нэгэн гогцоог тайлж чаджээ. Энэ шархыг тэр үхэхээсээ 1-2 хоногийн өмнө, зодооны үеэр авчээ.
“Шархыг биеэ хамгаалах үеэр авсан юм билээ. Хэн нэгэн хутга барин дайрах үед хүн өөрөөсөө холдуулахын тулд хутганаас барьж авдаг шүү дээ” хэмээн Хорн ярьж байна. Эцигээс өөрийгөө хамгаалах үеэрээ авсан өөр шарх олдоогүй байна. Тиймээс Хорн түүнийг зодоонд ялсан байж болзошгүй гэж үзжээ.
Зодоон уулын хаяа, хөндийд болсон байх магадлалтай аж. “Мөсөн оргилд болсон аллага нь 1-2 хоногийн өмнө болсон зодооны үргэлжлэл ч байж магадгүй” хэмээн шинжээч өгүүлж байна. Гар зодоонд Эциг дийлэхгүйгээ мэдсэн алуурчин өс санасандаа түүн рүү сум харвасан байх магадлалтай.
Харин Эцигийн гарсан мөсөн оргил нь хүн бараг гардаггүй газар болохоор тохиолдлын хүнтэй тааралдах ямар ч боломжгүй юм.
Шинжээчийг сэтгэлээр унагажээ
Шинжээч Хорны ярьж буйгаар Эцигийн зэс иртэй сүх, бусад үнэт зүйлсийг нь аваагүйг бодоход материаллаг сонирхлын үүднээс хийгдсэн аллага биш байх магадлалтай байна. Ерөнхийдөө хувийн хонзонгоор хөнөөсөн гэж шинжээч дүгнэжээ. Энэ тухай Хорн “Үзэн ядалт уу, хардалт уу, эсвэл өс хонзон уу гэдгийг бид хэлэх боломжгүй юм” хэмээн ярьж байна.
Археологийн музейн захирал Анжелика Флекингерийн хувьд Эцигийн оньсого мэт үхлийн шалтгаан бага ч атугай тайлагдсанд маш их баяртай байна. Харин шинжээч Хорн энэ хэргээс болж сэтгэлээр унажээ. Тэрбээр “Энэ хэрэг бүрэн тайлагдана гэж бодохгүй байна. Яагаад гэвэл хүн амины хэрэг ямар ч шийтгэлгүй үлдчихлээ шүү дээ. Хэргийг мөрдөн шалгасан хүний хувьд надад энэ нь таалагдахгүй байна. Ер нь бидэнд тайлагдашгүй хүн амины хэрэг шалгуулахад хэцүү байдаг юм” хэмээн хошигнон ярьсан байна.
Голландын эрдэмтэн Альфонс, Адри Кеннис нар Эцигийн дүр төрхийг сэргээжээ.
Эцигийн цогцсыг 1991 онд Италийн Альпын нурууны мөсөн оргилоос олсон юм.