[starbox]
– АНУ уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрээс гарсны үр дагавар тийм ч их биш байх бололтой-
Парисын хэлэлцээрээс гарах үйл явцад Дональд Трампын Цагаан ордонд байх дөрвөн жилийн ихэнх хугацаа шаардагдана. Үүнээс гадна Америкийн олон муж, корпораци уур амьсгалын өөрчлөлттэй сайн дураараа тэмцэхээр болжээ.
Тус улс 2015 оны арванхоёрдугаар сард энэхүү хэлэлцээрт нэгдэхдээ 2025 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулж, 2005 оны түвшинтэй харьцуулахад агаарт ялгаруулах хийгээ 26 хувиар бууруулна гэжээ. Одоогийн байдлаар тус улс зорилтынхоо тал хувийг биелүүлээд байна.
АНУ-ын 30 мянгаас дээш хүн амтай 1408 хот суурингийн дарга нарыг нэгтгэсэн Хотуудын дарга нар бага хурлын нэр бүхий гишүүд өнгөрсөн баасан гарагт Трампын Парисын хэлэлцээрээс гарах шийдвэрийг дэмжихгүй, хүлэмжийн хийг багасгах асуудлаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.
Тус улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт Дональд Трамп Цагаан ордны Ягаан танхимдаа энэхүү шийдвэрээ зарласны дараа Нью-Йорк мужийн амбан захирагч, Ардчилсан намын Эндрю Куомо сэргээгдэх эрчим хүчний салбарт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Куомо түүнчлэн 190 сая ам.долларыг улсын сургууль болон бусад байгууллагын дээвэр дээр нарны зай хураагуур суурилуулахад зарцуулахаар төлөвлөсөн аж. 2012 онд Америкийн зүүн хойд хэсэг Сэнди хар салхинд нэрвэгдэж, их хэмжээний хохирол учирснаас хойш тус мужийн амбан захирагч сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглахаар зориг шулууджээ.
“Холбооны Засгийн газар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үүрэг хариуцлагаасаа салж, манай байгаль орчин, эдийн засагт хор хохирол учруулж байхад Нью-Йорк ирээдүйн цэвэр эрчим хүчний төлөө тэмцэхэд улс орондоо голлох үүрэг гүйцэтгэнэ” хэмээн Куомо мэдэгджээ.
Ерөнхийдөө Америкийн 30 орчим муж цахилгаан эрчим хүчний компаниудаа сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчээ авахыг шаардаж байгаа аж. Тэдгээрийн тоонд тус улсын ДНБ-ий 1/5-ийг дангаараа эзэлдэг Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужууд оржээ. Эдгээр гурван муж уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна.
Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумбергийн “Bloomberg Philanthropies” сайн үйлсийн сангаас “Америкийн андгай” хэмээх кампанит ажил байгуулахаа зарлажээ. Энэ хүрээнд хот, муж, хувийн компаниуд Парисын хэлэлцээрийн хэм хэмжээг биелүүлэхийн төлөө тэмцэх болно.
Блумберг НҮБ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн газарт Америкийн оруулдаг 15 сая ам.долларын алдагдлыг нөхөж төлөхөө амласан байна. Тэрбээр “Америкчуудад Парисын үүргээ биелүүлэхэд Вашингтон хэрэггүй” гэж мэдэгджээ.
Америкийн хэдэн арван хот эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, нийтийн тээврийг цахилгаан болгон өөрчилж, дугуйн түрээс ажиллуулан, дугуйн зам байгуулсан билээ. Тиймээс АНУ хэлэлцээрээс гарч, Трамп Обамагийн цэвэр эрчим хүчний төлөвлөгөөнөөс татгалзсанаар хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх арга хэмжээнд хүчтэй нөлөөлөхгүй аж. Цагаан ордон ч үүнд ямар нэгэн байдлаар саад хийж чадахгүй гэнэ.
Тийм ч учраас Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер “Аль нэг хотын дарга, эсвэл мужийн амбан захирагч ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаа бол тэрийгээ л хийг. Яагаад гэвэл тэд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээнэ. Бид мужуудын эрхийг хүндэтгэнэ. Тийм болохоор ямар нэгэн суурин, эсвэл муж сонгогчдынхоо хүссэн бодлогыг явуулахыг хүснэ” гэжээ.