[starbox]
Алан хядах ажиллагаа үйлдэгчид нь ихэвчлэн нас бие гүйцээгүй залуу хүмүүс байдаг. Үүнтэй холбогдуулан хууль сахиулах байгууллагын ажилтнууд сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд хүүхдүүд болон өсвөр насныхныг мөрдөх, шалгах боломжтой байх ёстой, тусгай ажилтнуудын эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ХБНГУ-ын Бавари мужийн ДХЯ-ны тэргүүн Иоахим Херрманн үзэж байна.
Хяналтад орсон хүүхдүүд
Холбооны Бавари мужийн Дотоод хэргийн сайд Иоахим Херрманн “Миний хувьд Герман даяар мөрдөн шалгах объектынхоо насыг бууруулаасай гэж зөвлөж байна” хэмээн мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Бавари мужид хэрэгжсэн эерэг туршлагыг жишээ болгон татжээ. “Баварид бид насны хоригийг цуцалсан. Ихэвчлэн дотоод тагнуулын алба хүүхдүүдийг ажиглалтдаа авдаггүй. Гэхдээ 12 настай нэгэн хүү лалын нэгэн бүлэглэлтэй холбоотой байсныг бид мөрдөн шалгах замаар илрүүлсэн” хэмээжээ.
Үнэний ортой
Херрманны хэлсэн санал тийм ч оргүй зүйл биш аж. 2016 оны зун болсон үйл явдлыг эргэн санацгаая л даа. Өнгөрсөн оны долоодугаар сард Афганистанаас дүрвэн ирсэн 17 настай хүү Вюрцбургээс Оксенфурт чиглэлд явж байсан галт тэрэгний зорчигчид руу сүх барин халдсан билээ. Тэрбээр цагдаад буудуулахаасаа өмнө таван хүнийг шархдуулж амжсан юм. Хожим нь тэрбээр “Исламын улс”-ын дагагч гэдгээ зарласан.
Үүнээс хэдхэн хоногийн дараа герман, иран гаралтай 18 настай нэгэн залуу Мюнхений худалдааны төвд буудалцаан хийсэн билээ. Гэмт этгээдийн гарт 10 хүн үрэгдэж, 21 хүн шархадсан юм. Хууль сахиулах байгууллагынхны олж тогтоосноор гэмт этгээд энэ халдлагыг бүтэн жилийн турш төлөвлөсөн аж. Тэрээр хэт даврагсдын бүлэглэлтэй холбоотой байгаагүй ч Норвегийн алан хядагч Андрес Брейвикийг шүтдэг байсан бололтой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Focus” сэтгүүлд Германы баруун хэсэгт Людвигсхафен хотод ирак гаралтай 12 настай хүүг баривчилсан тухай мэдээлсэн байна. Энэхүү хүү гар аргаар бөмбөг хийснээ үүргэвчинд хийж, яармаг худалдааны газарт очжээ. Азаар бөмбөг холболтын алдаанаас болж дэлбэрээгүй аж.