Монголын улс төрд 20 ба түүнээс дээш жил оршин тогтносон цөөнгүй улстөрч УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй өнжиж байна. Тэдний зарим нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол заримыг нь намын дарга нар нь улс төрөөс шахан гаргаж байгаа тухай мэдээ тасралтгүй гарч байна.

Иргэд ч АН, МАН засгийн эрх барьсан 30 жилд Монгол Улс хөгжсөнгүй, улс орны эдийн засаг ядуу буурай, авилга хээл хахууль цэцэглэсэн байгаад олон улс төрийн тогоонд эргэлдсэн ч хувийн ашиг сонирхлоос илүүг бодож чадаагүй улс төрчид буруутай хэмээн үзэж байгаа.

Энэ удаа улс төрөөс өөрийн хүслээр биш намын шахалт, хуулийн байгууллагад шалгагдаж буйн улмаас завсарлага авсан нөхөд ямар тайлбар хэлсэн бэ гэдгийг тоймлон хүргэж байна.

М.Энхболд: Судалгааны дүнгээр өндөр байсан ч намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй

УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье.

Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АТГ-д шалгагдаж байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шүүхээс нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглох,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Жиргэх дуртай Ерөнхийлөгч асан энэ талаараа ганц ч үг ганхийсэнгүй. Ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээний хуудастаа юу ч оруулахгүй байсан Ц.Элбэгдорж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний мэдэгдэлтэй холбоотойгоор хоёр хоногийн өмнө хариу барьж, байгаа шүү гэдгээ гэнэт мэдэгдэв.  

Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ намайг Эрдэнэтийг их наяд, тэрбумаар цөлмөсөн гэв үү

Л.Оюун-Эрдэний мэдэгдлийг харав уу? “United Friends” гэж компани байгуулаад чи Эрдэнэтийг их наяд, тэрбумаар цөлмөсөн. Зэсийн баяжмал зарж баяжсан гэв үү?…

…Үзэгдэлтэй биш учир шалтгаантай барилдах нь түмэнд тустай байдаг. Баабарын бичсэнээр “түүхийн шившиг”-тэй там булаацалдаад яахав. Өөрт нь хэрэгтэй бол бурханаа ч гүтгэж, худалдаж арилжина. Морь ч билүү, илжиг ч билүү энд тэндээс хуулсан юм барьчхаад, долоох гэж зүтгэж байсныг нь бодоход одоо ч сэжиг хүрэм. Залуу ирээдүйгээ боддог хүн түүнээс хол, зайгаа барьж явмаар эмгэг. Зарим нэг хүнд миний муу сайныг ярих байтугай, миний бүтэн нэрийг хэлэх ч ахадна. Би Монголынхоо төлөө бүхнээ зориулсан. Би Монголдоо муу юм хийгээгүй. Би Монгол улсдаа хайртай. Би Монголоо бодож амьдардаг.

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд барьсан түүний хариуг энд дарж дэлгэрэнгүй унших боломжтой.

Намдаа С.Жавхлангаас дорд үзэгдсэн Л.Гантөмөр хэр удаан дуугүй байх вэ?

АН хуралдаж, нэр дэвшигчдээ зарлах үед тус намын туршлагатай лидерүүдээс Л.Гантөмөр орхигдсон нь олны гайхшралыг төрүүлэв. АН яагаад Л.Гантөмөрөөсөө С.Жавхланг илүүд үзэх болов гэдгийг улстөр ажиглагчид гайхширч, янз бүрийн л ярианууд гарах болоод байна.

АН-ын дотоод хагарал газар авч, Л.Гантөмөр намынхаа зарим нэг залуустай сэм уулзаж, би намын дарга болохоороо хэмээн  “дээсний үлгэр” ярьж байгаад ийнхүү мултарсан тухай яриа улстөрийн хүрээнд яригдах болжээ. Харин түүний хувьд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй дуугүй байсаар байгаа юм.

Л.Дамба-Очир: МАН-ынхаа бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, журмын нөхөд, шинэ залуу үеийг дэмжих шийдвэр гаргалаа

Төрийн түшээ гэсэн энэ хариуцлагатай албанд хоёр ч удаа итгэл хүлээлгэн сонгосон ЭРДЭНЭТЧҮҮД болон улс төрд ямагт дэмжиж ирсэн эцэг өвгөдийн минь өлгий нутаг ДУНДГОВЬЧУУД та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

УИХ–ын 2020 оны хариуцлагатай энэ сонгуульд миний бие 100 жилийн түүхтэй МАН-ынхаа бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, журмын нөхөд, шинэ залуу үеийг дэмжих шийдвэр гаргалаа.

Энэ удаагийн сонгуульд Эрдэнэт, Дундговь аймагт нэр дэвшиж байгаа намын нөхдөө дэмжин ажиллахын зэрэгцээ та бүхнийг ч итгэл хүлээлгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдий УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ч гэлээ өсч төрсөн нутаг, ажил амьдралын гараагаа эхэлсэн хотдоо хэрэгжүүлж байгаа ажлаа үргэлжлүүлж, нутгийн зон олонтойгоо эргэх холбоотой цаашид ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа ганцхан сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар хэмжигдэхгүй. Цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх олон жилийн хамтын нөхөрлөл байна. Тиймээс та бүгдийнхээ итгэл, дэмжлэгийг хэлэх үг, хийсэн ажлаар цаашид ч хариулж байх болно.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа 76 нөхдөдөө амжилт хүсэе. Сонгогч олон түмэндээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Д.Оюунхорол: 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжинэ

Олон жил улс төрд намайг дэмжиж тулж, түшиж явсан намын журмын нөхөд, эрхэм хүндэт БАЯНЗҮРХЧҮҮДДЭЭ, ЗАВХАНЧУУДДАА гүн хүндэтгэл илэрхийлж байна.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Б.ИРЭЭДҮЙ

 

 

 

 

By updown

2 thoughts on “Намынхаа шахалтаар Төрийн ордноос явж байгаа улстөрчид”
  1. гантөмөр гэж худалчаас салсан нь дээрээ, юу гэлээ Жип уналаа гээд нээг баахан шоудахад нь бүгд итгэсэн, дараа нь сайд болж боловсролыг мүүнжүүлсэн, Насанбаяр энэ 2 жинхэнэ самарсан, тэр уналт сэргэхгүй удаж, бараг ужиг боллоо доо

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн