Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 514.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бууралт нь 2.9 хувьтай тэнцэж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа болох 60 хувийн болон 30 сарын дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар нэг удаа сунгах боломжийг банкнууд болон зээлдэгчдэд олгохоор шийдэж байсан юм.
Ингэхдээ “Орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй” гэж тайлбарлаж байв. Шийдвэр гарсан дөрөвдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 328 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг, чанаргүй зээл 10.9 хувийг эзэлж байгаа аж.
Зээлийн өсөлт 2020 эхний хагаст үргэлжлэн буурч, харин сүүлийн хагаст алгуур нэмэгдэх хүлээлттэй байгааг Монголбанк мэдээлж байлаа.
Bloombergtv.mn