Хаврын сартай золгож байгаа монголчуудыг ирэх сард Чингисийн хүрээ, Хөвсгөл аймгийн Хатгал, Өмнөговь аймгийн Булган суманд болох “Нүүдэлчдийн өвөл 2017” наадам хүлээж байна. Өргөн уудам тал нутаг, эрс тэс уур амьсгал, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцэл дунд нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн хөдөөгийнхний аж амьдралтай энэхүү наадам танилцуулах болно. Арга хэмжээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулж байгаа.
Ирэх сарын 2-5-нд Хатгал суманд “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр болно. Мөсний баяр нь Хөвсгөлийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, бизнес эрхлэгчдэд эко аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхол төрүүлэх зорилготой. Наадмын үеэр Хөвсгөлийн гайхамшгийг мөсөөр урласан бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Баярт оролцогчид мөсөн дээгүүр морин чаргаар аялж, тэшүүрээр гулгаж бас мөсөн гэрт зочилж, мөсөн аяга, хундаганд сархад, ундаа зооглож болно.
Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 5-нд “Бүргэдийн баяр 2017” арга хэмжээ зохион байгуулагдана. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ баярт зочилсон гадаад, дотоодын иргэд казах ард түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалтай танилцах болно. Мөн казах гэрт зочилж, анчин бүргэдтэй зураг авахуулж, морин чаргаар аялаж, мөсөн хотхонд тоглох боломжтой. Энд бүргэдээр ан хийлгэх, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах зэрэг олон тэмцээн уралдааныг үзэх юм.
“Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын гурав дахь арга хэмжээ нь Тэмээний баяр. Өмнөговь аймгийн Булган суман гуравдугаар сарын 6-7-нд болно. Нүүдэлчдийн тэвчээр, хүлээцтэй, найрсаг, зочломтгой зан, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвар, малын соёлоо дээдэлдэг ёс заншилын нэг хэсгийг говийнхноос олж харж болно. Монголчууд ЮНЕСКО-д бүртгэлтэй хоёр бөхт тэмээнийхээ баярыг энэ онд 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Элсэн говийн сониуч, эзэндээ үнэнч амьтан хоёр бөхт тэмээний баярт оролцохоор гадны 86 жуулчин бүртгүүлсэн байна.