Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Гэр хорооллын ихэнх жорлон 20-30 жил ашигласан, зундаа ялаа шумуул үүрлэж, бөөлжис цутгам үнэртэй. Өвөлдөө халтирч унах шахам хөлдүүсээр дүүрсэн байдаг. Шал нь хугарах дөхсөн, гэрэлгүй, тохь тухгүй зэргээс болж хүүхэд, хөгшид нь жорлондоо орохоос айдаг.

Ийм дүр зурагтай 10 гаруй өрхийн жорлонг “Жорлонгоо өөрчилье” сургалтад хамрагдсан 15 оюутан, таван баг болж эко болгон өөрчилсөн байна. Тухайлбал, АШУИС болон МУИС-ийн оюутан Халиунаа, Наран, Цэнгэл нар Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Н.Золбоотын гэрийн жорлонг тоосгоор барьж өгсөн юм. Эднийх ам бүл долуулаа. Том нь 12, бага нь хоёр нас найман сартай залуухан гэр бүл.

8-27-6й2 Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Тэд төслөөс олгосон 1.885.500 төгрөгтөө багтаахын тулд барилгын материалын захаар орж судалгаа хийсэн аж. Ингээд дөрвөн үе шатаар жорлонгоо хийхээр төсвөө тооцжээ. Тохиролцсоны дагуу жорлонгийн нүхээ гэрийн эзэн ухаж өгсөн байна. Тэд олон жил, насан туршдаа ашиглагдахаар жорлон барьж өгөхөөр шийдэж тоосгоор барихаар болсон гэдгээ ярьж байв. Доош метр гаран ухсан нүхэндээ бетон кольцо суулгаж, агаар оруулахгүйгээр чигжих, шавардах, үерээс хамгаалж суурийг нь өндөрлөх, өрлөг хийх гээд барилгачин болсон тухайгаа ярьж байв.

Гаднаас агаар, жорлонгийн нүх руу сайн орж өгсөнөөр үнэргүй болдог. Тиймээс агааржуулалтыг жорлон дотор нь хийсэн учраас зайтай болсон байлаа. Мөн тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хүүхдүүдэд зориулж бариул гаргаж, цонх хийж, гэрэл татаж өгчээ. Тоосгоор барьсан учир элс хайрга татах зэрэг 200 гаруй мянган төгрөгийн илүү зардал гарч хугацаанаасаа долоо хоногийн дараа дууссан байна. Энэ зун бороо их орсон учраас шавар зуурч шавардах ажил сунжирчээ. Жорлонгоо барьж дуусаад хартал жорлон нь царай муутай байсан байна.

712-15353351368-27-6й1-550x300 Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Халиунаагийн зураг зурдаг авъяас нь хэрэг болж зурж чимэглэхээр болжээ. Оюутан Халиунаа, Наран, Цэнгэл, Золбоотын гэр бүл шинэ жорлонгийнхаа гадна. Жорлонг хоёр жилд нэг удаа соруулдаг. Н.Золбоотынх таван хүүхэдтэй учраас хүүхдүүдийг нь зурсан нь тэдэнд их таалагдсан гэв. Энэ мэтээр нөгөө багийнхан Хан-Уул, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Өлзийт, Баянзүрх дүүргийн гэр хорооллын арав гаруй өрхийн жорлонг соруулдаг, үнэргүй тав тухтай гэрэлтэй тохилог эко болгож өгсөн юм. Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн М.Эрдэнэбатын жорлонг оюутан Саранцэцэг, Ууганчимэг, Мандухай нар шинэчилжээ. Гэрийн эзэгтэй М.Эрдэнэчимэг “Оюутан охидтой хамтарч жорлонгоо өөрчилсөн чинь сэтгэл маш сайхан болсон.

Өглөө болгон жорлонгоо угааж байна. Хөршүүд маань сонирхож ийм маягаар жорлонгоо өөрчлөхөөр болоод байна. Энэ төслийг эхлүүлсэн “ Жорлонгоо өөрчилье” багийнханд улам их амжилтыг хүсэн ерөөе. Төр засаг энэ ажлыг дэмжвэл олон өрх жорлонгоо өөрчлөх нь тодорхой. Гэр хорооллынхон зочид ирэхэд жорлонгоосоо ичдэг. Одоо бол манайх ичээд байх зүйлгүй боллоо. Хуучин жорлон 20 жил болсон байсан. Ариутгалын компаниар нураалгаж булуулсан” гэж байв.

Мөн Б.Эрдэнэчимэг гэх бүсгүй “Жорлонгоо шинэчилсэн чинь орон сууцанд орох хүсэл үгүй болж хөршүүд маань манай жорлонг сонирхож ийм жорлонтой болохыг ихэд хүсч байна” хэмээв. Эднийх хашаанаас нүүж орон сууцанд орохоор төлөвлөсөн байжээ. Гэвч жорлонгоо өөрчилсөн болохоор хашаандаа сайхан амьдармаар санагдаад байшингаа шинэчлэхээр болсон гэж оюутнууд ажлаа тайлагнах үеэр ярьсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн иргэн 73 настай Энхтайван хөгжлийн бэрхшээлтэй. Эдний жорлонг Золбаяр, Марал, Баярцэцэг нар шинээр барьж өгсөнд маш их талархаж байсан юм. Тэр жорлондоо орж чаддаггүй байсан бол одоо жорлондоо орох хүсэлтэй болж улмаар илүү сайн явж чаддаг болсныг сонсоод төсөл санаачлагч “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл Удирдах зөвлөлийн гишүүд, төслийн хандивлагч Jonathan Woetzel, “Жорлонгөө өөрчилье” багийнхан төсөл үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байв. “Жорлонгоо өөрчилье” аяныг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Нутгийн шийдэл сан” ТББ сургалтаа ам­жилттай зохион бай­гуул­саны дараагаар жорлонгоо өөрчилж байгаа өрх бүрт газар дээр нь очиж зааварчилгаа өгсөөр байгаа.

8-27-6й3 Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Тус сан оюут­нуудын дунд жил бүр тэтгэ­лэгт уралдаан зарлаж сур­галтын төлбөрийг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн шалгарсан 15 оюутан гэр хорооллын сон­гогдсон өрхийн хуу­чин жорлонг өөрчилж, өөрсдөө барьж байгуул­сан нь ийнхүү үр дүнтэй ажил болжээ.Оюутнууд зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 20-ны хооронд барьж байгуулсан байна. Тэд зөв­хөн жорлонгийн талаар ойлголттой болоод зогсохгүй барилгачин, төсөвчин, багаар ажиллах чад­варт суралцсанаас гадна биеийн хүчний ажил хийж ажлын амтыг мэдэрч их зүйл сурснаа онцолж байв. Мөн тэд хөгжилтэй болоод, сургамжтай олон үйл явдлыг тайлангийн үеэр ярьж байв.

“Нутгийн ший­дэл” сан ТББ, Олон улсын Андуудын Монголын тэтгэлэг хөтөлбөрийг оюутнуудын дунд ес дэх жилдээ зохион байгуулсан нь энэ юм. 2018 онд зарласан эссэ бичлэгийн уралдаанд шал­гарч 1.885.500 төг­рөгийн тэтгэ­лэг­тэйгээр “Айл өрхийн эко жорлон барьж байгуулах” төслийг амжилттай хэ­рэг­жүүлсэн оюута­нуудад 1000 ам.доллар хүртэлх тэтгэлэг хүртэх арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр “Пума империал”-д болж АШИУС, МУИС, СЭЗИС, ШУТИС-ийн 15 оюутан гардан авсан юм.

Эдгээр жорлонг барихад арга зүйн зөвлөгөө, стан­дарт зэргийг “Жорлонгоо өөрчилье” багийнхан өгч, хяналт тавьж ажиллажээ. Нэг жилийн хугацаанд үргэлжилж буй “Жорлонгоо өөрчилье” аян дэлхийн жорлонгийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 19-нд дүнгээ гаргах юм.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.