Рэппер Дрэйкийн амьдардаг харш руу Мягмар гарагийн шөнө зэвсэгт этгээд гал нээсний улмаас хамгаалалтын ажилтан шархадсан тухай Канадын Торонто хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Торонто хотын төвийн хойд хэсэгт оршдог Дрэйкийн эдлэнгийн төмөр хаалганы гадаа харуулд зогсож байсан хамгаалалтын ажилтан руу автомашинтай этгээд ойртож ирээд гал нээсэн юм байна. Ажилтан эмнэлэгт хүргэгдсэн ч шарх нь амь насанд аюул учруулахуйц биш болохыг цагдаагийн газар мэдээлжээ.
“Хэрэг гарах үеэр Дрэйк гэртээ байсан эсэхийг би хэлж чадахгүй. Гэхдээ бид түүний багтай холбогдож, хамтран ажиллаж байгаа” гэж мөрдөн байцаагч Пол Кравчик өчигдөр хэргийн газарт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Гал нээгээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгааг тэр энэ үеэр мэдээлжээ.
Одоо 37 настай Дрэйк нь өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр орлоготой рэп уран бүтээлчээр шалгарч байв.
Тэрбээр сүүлийн өдрүүдэд Америкийн рэппер Кэндрик Ламартай зөрчилдөж, олон нийтийн өмнө ширүүн рэп тулаан (diss) явуулж байгаа.
Гэхдээ өчигдрийн халдлага энэхүү зөрчилтэй холбоотой гэх шинж тэмдэг илрээгүй байна.
Дрэйк, Ламар нарын зөрчлийн талаар сэтгүүлчийн асуултад мөрдөгч Кравчик “Мөрдлөг дөнгөж эхэлж буй тул халдлагын зорилго, шалтгааны талаар ярихад хэтэрхий эрт байна. Тиймээс би одоохондоо энэ талаар байр суурь илэрхийлэх боломжгүй” гэж хариулжээ.
Эх сурвалж: AFP