Олимпод оролцох эрхийн оноо багцлах “Их Дуулга”/ Grand-Prix Gdansk. Poland/ тэмцээн Польшийн Гданьск хотноо болох гэж байна. Тус тэмцээнд Америкийн уран гулгалтын тамирчин Отгонбаярын Ивээл Монголоо төлөөлөн оролцохоор төрийн далбаатайгаа замд гарчээ. Тэрээр өдгөө дөнгөж 13 настай ч Америкын өндөр зэрэглэлийн тамирчин болж чадсан ирээдүйтэй чадварлаг охин юм.
Түүний амжилт /2017 оноос өмнөх байдлаар/:
-Монголын Үндэсний Олимпын Хорооны “Алтан медаль”
-Монголын Хүүхдийн Байгууллагын “Авьяас” алтан медаль
–Soutwestern States Regional Shampionship мөнгөн медаль
-Cup of Colorado алтан медаль-4, мөнгөн медаль-1, хүрэл медаль-1
-Denver Invitational алтан медаль-2, мөнгөн медаль-2, хүрэл медаль-1
-Broadmoor Open алтан медаль-4, мөнгөн медаль- 1, хүрэл медаль-1
–Fort Collins Classic хүрэл медаль-1
–Pueblo Invitational алтан медаль-2
–Colorado Spring Invitational алтан медаль-1, мөнгөн медаль-1
-Colorado College алтан медаль-1, хүрэл медаль-1. Энэ амжилтын үзүүлэлт өдгөө олон дахин нэмэгдсэнд эргэлзэх зүйлгүй юм. Энэ жил гэхэд тэрээр мастеруудын ангилалд шилжин бүх мужуудын аваргууд, Канад, Солонгос, Японы тамирчид оролцсон Брөүдмүүрийн Нээлттэй тэмцээн /Broadmoor Open/-ээс мөнгөн медаль хүртжээ.
О.Ивээл охины тухай товчхон:
Тэрээр 2006 онд АНУ-д төрсөн, УГЗ Лүндэгийн Дашнямын зээ охин. Денверийн эмнэлэгт тэр өдрийн “хамгийн том охин” төрсөн, одоо ч үеийнхэн дундаа өсгөлүүн аж.
Уран гулгалтын спортын сайхныг нь телевизээр үзээд л баярлаж бахдаж суудаг байсан гэх бөгөөд 2010 оны Ванкуверын олимпод Солонгосын Ким Ён А-г түрүүлэхийг хараад уран гулгагч болохоор ухралтгүйгээр шийдсэн гэдэг.
Анхны гарааны түүхийг сөхвөөс, О.Ивээл 3-хан настайдаа тэшүүрээ түрээсэлж өмсөөд л анх мөсөн талбайд гарчээ. Гулгаж чадахгүй хашлаганаас бариад унаж ойчин, яаж зөв унах, босох техникт суралцаж, жил хүрэхгүй хугацаанд Мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван АНУ-ын Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон түүхтэй.
Амжилтын гараа нь харин Колорадогийн клубын тэмцээнээс эхтэй ба 4 нас хүрээгүй байхдаа тус тэмцээнд оролцон анхны медалиа авсан байна. Харин одоо энэ спортынхоо зовлон жаргалыг өөрийн биеэр туулан яваа ирээдүйтэй, олимпын босгон дээр ирээд буй тамирчин болжээ.
Мөн өөрийн гаргасан амжилтуудаараа 2013 онд Америкийн Нэгдсэн Улсын Уран гулгалтын холбооны хаалгыг нээн орж чадсан юм. Ийнхүү АНУ-ын уран гулгалтын холбооны данстай тамирчин үндсэн гишүүн болж, өндөр зэрэглэлийн дасгалжуулагч дээр мэргэжлийн түвшинд хичээллэх болжээ. Уран гулгалтаар хичээллэхдээ “тамирчин” гэсэн статусаар явахын тулд жилдээ 5-6 удаа тэмцээнд оролцох ёстой аж.
Энэ их амжилтын эзэн болсон ирээдүйтэй уран гулгагч О.Ивээл охины дараагийн даваа нь энэ сарын 18-нд эхлэх Польшийн Гданьскийн “Их Дуулга”. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын Загребийн Их дуулгад /Grand Prix Zagreb-Croatia/ оролцох юм байна. Ийнхүү Отгонбаярын Ивээл Польш улсын Гданьск хотноо болох Их Дуулгаас эхлэн IVEEL- MONGOLIA гэж дуудагдах нь ээ.
Дашрамд сонирхуулахад, балетгүйгээр хэзээ ч уран гулгалт хийдэггүй гэсэн ойлголтын дагуу тэрээр Колорадогийн балетын сургуульд ч мөн хичээллэдэг байна. Хэдийгээр АНУ-д төрж, өссөн ч О.Ивээл охин Монголдоо үнэн голоосоо хайртай, “Миний Монгол” гэж ярьдаг талаар түүний ээж Д.Одонтуяа нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг юм. “Амжилт ахин, медалийн тоо олширч, ангилал өөрчлөгдөх тусам ачаалал ихэссээр… Булчин суллах дасгал, усан бассейн, бүжиг, балетын хичээл, гимнастик, жүжиглэлт гээд л хамгийн завгүй 13 настан” хэмээн түүний ойрын нэгэн тодорхойлон бичжээ.